Д.Сарангэрэл: Бүх сумдад эрүүл мэндийн мобайл технологи нэвтрүүлнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар,Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Дэлхий нийтийн чиг хандлагыг даган эрүүл мэндийн салбар бүхэлдээ үйл ажиллагаагаа цахимжуулах шаардлага тулгараад байгаа аж. Эрүүл мэндийн 2, 3 дугаар шатлалын үйлчилгээ үндсэндээ цахим хэлбэрт шилжсэн бол одоо анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг Засгийн газрын "Хур" системд холбон цахимжуулах бөгөөд үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Аль ч шатны эмнэлэгт хийлгэсэн шинжилгээ, оношилгоо нь дараа дараагийн шатны эмнэлэгтээ хүлээн зөвшөөрөгдөхөөр зохицуулсан байна. Сум дундын эмнэлгүүдийн статусыг тодорхой болгож, үйл ажиллагааг нь өргөжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд тусгажээ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны энэ сарын 12-ны хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, төслийг дэмжихийн зэрэгцээ ажлын багийн гаргасан зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Ц.Гарамжав нар ажлын багаас асуулт асууж, тодруулсан. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гишүүдийн асуултад хариулахдаа, өнөөдрийн байдлаар, 154 нэгжид мобайл технологийг нэвтрүүлсэн бөгөөд ирэх дөрвөн жилд бүх сумыг хамруулах зорилт дэвшүүлсэн гэдгийг онцлов. Мөн төслийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багийн түвшинд хүргэхээр зорьж буйг тайлбарлаж байв. Энэ онд 44 шинэ эмнэлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд "Call center" байгуулж, цахимаар зөвлөгөө өгөх, газар дээр нь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг төлөвлөсөн хэмээн онцоллоо.
Ингээд Байнгын хорооны дэмжсэн ажлын багаас зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3.1.24 дэх заалт болон 2 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийн "хүн амын” гэсний дараа “эрүүл мэндийн" гэж, 1 дүгээр зүйлийн 44.1.7 дахь заалтын “мэдээлэл өгөхийг” гэсний дараа “эрүүл мэндийн байгууллага,” гэж тус тус нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.25 дахь заалтын “өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг” гэснийг “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг” гэж, 8.5 дахь хэсгийн “дахь хэсэгт заасан” гэснийг 19.3.3-д заасан” гэж тус тус өөрчлөхийг мөн дэмжлээ. Төслийн 1 дүгээр зүйлийн 44.1.6 дахь заалтыг “44.1.6.өөрийн байгууллагын ажилтныг энэ хуулийн 8.5-д заасан журмын дагуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамруулах” гэж өөрчлөн найруулахыг олонхын саналаар дэмжсэн юм.
Ийнхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.