А.Вучичийн онгоцыг нутаг дээгүүрээ өнгөрүүлэхгүй гэв

Тавдугаар сарын 9-ний баярын үйл ажиллагаанд оролцохоор Москваг зорих гэж буй Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн нисэх онгоцыг Латви, Литвийн эрх баригчид агаарын орон зайгаараа нэвтрүүлэхээс татгалзсан тухай Сербийн “Kurir” сонинд мэдээлжээ.

Латвийн эрх баригчид ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа “нислэгийн зорилго нь улс төрийн хувьд эмзэг” хэмээн тайлбарласан бол Литва улс “техникийн болон дипломат шалтгаантай эмзэг нөхцөл байдлын улмаас татгалзсан” гэжээ. Түүнчлэн Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн онгоцыг мөн Польш, Литвийн агаарын орон зайгаар дамжин нисэхийг хориглосон гэж “Kurir” сонинд бичжээ. Харин эдгээр улс орны эрх баригчид энэ талаар албан ёсны тайлбарыг өгөөгүй байна.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 3-ны өдөр бие нь гэнэт муудсаны улмаас АНУ-д хийх албан ёсны айлчлалаа зогсоож, Белградын эмнэлэгт хүргэгджээ. Сербийн Сангийн сайд Синиша Мали маргааш нь мэдэгдэхдээ, А.Вучич тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болох ёслолд оролцох эсэхийг одоогоор хэлэх боломжгүй гэсэн байна. 

Ялалтын 80 жилийн баярт оролцох олон улсын зочид

Оросын нийслэл хотод болох ёслолд Хятадын удирдагч Ши Жиньпин, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, мөн Казахстан, Беларусь, Куба, Венесуэл зэрэг улсуудын удирдагчид оролцох төлөвтэй байна. Түүнчлэн Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо оролцоно гэдгээ мэдэгдсэн бол Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Москвад очихоос татгалзжээ. Европын Холбооны удирдлагууд Ялалтын баярт оролцохгүй байхыг гишүүн улс орнуудын эрх баригчдад зөвлөсөн байна.

Харин Украины Ерөнхий сайд Владимир Зеленский дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нарт хандан Москвад болох Ялалтын баярт оролцохоос татгалзахыг уриалжээ. "Тавдугаар сарын 9-нд Москвад очсон эсвэл очих гэж буй бүх улс орнуудын удирдагчдын хувьд бидний байр суурь маш энгийн ойлгомжтой. Бид Оросын нутагт болж буй үйл явдлуудын хариуцлагыг хүлээхгүй" гэж тэрбээр хэлсэн байна. В.Зеленскийн хэлснээр, Украины тал ямар ч аюулгүй байдлын баталгаа өгөхгүй. "Орос энэ өдрүүдэд юу хийхийг бид хэлж мэдэхгүй байна. Тэд өөрсдөө галдан шатаах, дэлбэрэлт үйлдэх гэх мэт янз бүрийн үйл ажиллагаа явуулж, дараа нь биднийг буруутгаж магадгүй" гэж В.Зеленский тавдугаар сарын 3-нд мэдэгдсэн байна.

Эх сурвалж: БЕЛГРАД /DW/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.113)