К.Роналдугийн ууган хүү U15 шигшээд дуудагджээ
“Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн ууган хүү Криштиану дос Сантуш мягмар гарагт Португалын 15 хүртэлх насныхны шигшээ багт анх удаа дуудагджээ.
Аавынхаа адил Саудын Арабын “Аль-Наср”-д тоглодог 14 настай тэрбээр К.Роналдугийн хуучин баг болох “Манчестер Юнайтед”, “Ювентус”-д ч мөн тоглож байсан юм.
Хорват улсад тавдугаар сарын 13-18-ны өдрүүдэд болох Влатко Марковичийн нэрэмжит өсвөрийн үеийнхний тэмцээнд Португалын шигшээ багийн 15 хүртэлх насныхан Япон, Грек, Английн багуудтай тоглоно.
“Реал Мадрид”-ын бүх цаг үеийн мэргэн бууч, өдгөө 40 насандаа Португалын шигшээ багт тоглож буй К.Роналду таван хүүхэдтэй. Тэрбээр “Евро-2016” тэмцээний финалын шатанд Францтай хийсэн тоглолтын эхэнд бэртсэн боловч шигшээ баг нь анхны том цомоо өргөхөд хувь нэмрээ оруулсан билээ.
Эх сурвалж: ЛИСБОН /AFP/.