Хятадын өндөр татвартай барааг тээвэрлэсэн эхний хөлөг онгоцууд иржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэгдээсэн худалдааны дайны улмаас Америкийн хэрэглэгчид хүнд сонголттой тулгараад байна.
Одоо Хятадаас Америкийн боомтуудад ирж буй хөлөг онгоцууд импортын өндөр татварт хамгийн түрүүнд өртөж байна. Ингэснээр хэрэглэгчид хэдэн долоо хоногийн дараа өндөр үнэ болон тодорхой барааны хомсдолтой тулгарна гэсэн үг юм.
Д.Трамп өндөр татвар ногдуулснаас хойш, ялангуяа өнгөрсөн сард худалдааны дайны улмаас Хятадын ихэнх бараанд 145 хувь хүртэлх татвар ногдуулснаас хойш Хятадын импортын хэмжээ эрс буурчээ.
“Энэ долоо хоногийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бидний ачаалал 35 орчим хувиар буурсан. Эдгээр хөлөг онгоц бол өнгөрсөн сард Хятад болон бусад оронд өндөр татвар ногдуулах шийдвэрт өртсөн анхны хөлөг онгоцууд юм” гэж Лос-Анжелесийн боомтын гүйцэтгэх захирал Жен Серока мягмар гарагт CNN-д ярьжээ. Ачааны хэмжээ бага байгаагийн шалтгаан бол энэ юм гэж тэрбээр нэмж хэллээ.
Одоо боомтод ирж буй хөлөг онгоцон дээрх Хятадын импортын барааны хэмжээ 50 гаруй хувиар буураад байна гэж Ж.Серока хэлсэн байна. Америкийн бизнес эрхлэгчид Хятадын барааны үнийг хоёр дахин өсгөхөд хүргэх өндөр татварыг төлөх сонирхолгүй байгаа тул олон импортлогч өмнө нь өгсөн захиалгуудаа цуцалжээ.
Ж.Серокагийн ярьснаар, Лос-Анжелесийн боомтод тавдугаар сард 80 хөлөг онгоц ирнэ гэж тооцоолж байсан боловч тэдгээрийн 20 хувь нь ирэхгүй болжээ. “Ийм нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Бараа бүтээгдэхүүнүүд нь өнгөрсөн сарынхаас хоёр хагас дахин илүү үнэтэй болоод байгааг жижиглэн худалдаалагчид болон импортлогчид надад хэлж байна” гэж тэрбээр ярьсан байна.
Эх сурвалж: ВАШИНГТОН /CNN/.