МУИС англи хэлний түвшин тогтоох шалгалтын төвтэй боллоо
МУИС, Их Британийн Консул боловсролын байгууллагатай хамтран “IELTS CENTRE-NUM” төвийг нээлээ.
МУИС, Их Британийн консултай англи хэлний түвшин тогтоох шалгалтын төвийг нээхээр өнгөрсөн онд гэрээ байгуулсан. Энэ дагуу тус төвд ажиллах багш мэргэжилтнээ сургах, тоног төхөөрөмжөө бэлтгэх зэрэг ажлыг хийснээр өнөөдөр албан ёсоор нээж буй юм.
“IELTS CENTRE-NUM”-ийн үйл ажиллагааны талаар МУИС-ийн ШУС-ийн багш, тус төвийн эрхлэгч В.Дашдаваагаас дараах мэдээллийг тодрууллаа.
-Энэхүү төвийнхөө үйл ажиллагааны талаар танилцуулна уу?
-IELTS буюу англи хэлний олон улсын үнэлгээний шалгалтын талаар хүн болгон мэдэх байх. Манай төв академик болон ерөнхий англи хэлний шалгалтыг цахимаар мягмар, пүрэв, бямба гарагт авна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дуу чимээ тусгаарлагч бүхий тав тухтай, цэвэрхэн орчныг бүрдүүлсэн. Хамгийн ихдээ 20 хүн нэгэн зэрэг шалгалт өгөх боломжтой. Унших, бичих, сонсох, ярих гэсэн үндсэн ур чадварыг шалгаж, аль нэгэнд нь хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд “one skill retake” буюу тухайн чадварын шалгалтаа дахин өгч оноогоо ахиулах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Шалгалтын хариу 1-5 хоногт гарна.
-Манайд яг энэ төрлийн шалгалт авдаг төв нэлээд бий. Танай төвийн хувьд ямар онцлогтой вэ?
-IELTS-ийн төвүүд гэж олон байдаг. Гэхдээ албан ёсны эрхтэй төв хуруу дарам цөөхөн бий. Манай төв МУИС-ийн дэргэд үйл ажиллагаагаа явуулна. Мөн олон улсын шаардлагыг хангасан төв гэдгээрээ онцлогтой. Энэ төвд манай сургуулийн багш, профессорууд IELTS-ийн бэлтгэл болон оноо ахиулах танхимын сургалт явуулна.
-Танай төв өнгөрсөн сард албан ёсны шалгалтыг эхлүүлсэн. Үүнд хэчнээн хүн хамрагдсан бэ, үр дүн ямар байв?
-Манай төв гурван удаагийн туршилтын шалгалт авсан нь маш амжилттай болсон. Одоогоор дараа дараагийнхаа шалгалтын хуваариа гаргаад явж байна. Олон улсын шалгалт учраас хүн бүр оролцох боломжтой. Гадаадын иргэд ч шалгалт өгч болно. Англи хэлний IELTS шалгалтын дүнг бүх их, дээд сургууль хүлээн зөвшөөрдөг. Олон улсын үнэлгээний өндөр оноотой хүүхдүүд гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр, дотооддоо Элсэлтийн шалгалтад дүйцүүлэх боломжтой.