Пулитцерийн шагналын эзэд тодорчээ
Колумбын их сургууль Пулитцерийн 109 дэх удаагийн шагналтнуудыг тодруулжээ.
Утга зохиолын төрөлд зохиолч Персиваль Эверетт шалгарчээ. Тэрбээр Америкийн алдарт зохиолч Марк Твений “Хаклибэри Финнийн адал явдал” зохиолыг хошин, уран нарийн дүрслэлтэйгээр дахин бүтээсэн “Жеймс” романаараа Пулитцерийн шагналыг хүртсэн байна. Энэхүү романд Хакийн адал явдлыг хар арьст боол Жимийн үзэл бодлын өнцгөөс харуулжээ.
Пулитцерийн шагнал хүртэхээс ч өмнө “Жеймс” роман нь “The New York Times Book Review”, “Esquire”, “W Magazine”, “Bustle”, “LitHub” зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдийн оны шилдэг номоор шалгарч байв. Уг бүтээлийн кино хувилбарын эрхийг “Universal Pictures” худалдан авсан бөгөөд төслийн продюссераар Стивен Спилберг ажиллахаар болсон байна.
"Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шилдэг бүтээл" төрөлд энэ оны Пулитцерийн шагналыг Америкийн түүхч Бенжамин Натанс хүртсэн байна. Тэрбээр Зөвлөлтийн сөрөг хүчний хөдөлгөөний түүхийг өгүүлсэн “Бидний найдваргүй үйл хэргийн амжилтын төлөө” хэмээх бүтээлээрээ шалгарсан байна.
Түүнчлэн сэтгүүл зүйн салбар дахь онцгой амжилтуудыг үнэлж нийт 15 шагнал олгосон бөгөөд үүнээс хоёрыг нь 2024 оны 7 дугаар сарын 13-нд Дональд Трампын аминд халдах оролдлогыг сурвалжилсан “Washington Post” сонины баг болон “New York Times” сонины гэрэл зурагчид хүртжээ.
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК /azertag/.