“АЛСЫН ХАРАА-2050”-ийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж байна. Тодруулбал, Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд байгаа юм. Ядуурлыг бууруулахад чиглэсэн халамжийн бодлого хангалттай үр дүнд хүрч чадаагүйг хөгжлийн суурь үзүүлэлтүүд нотолж байна. Түүнчлэн нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж давхарга эмзэг, нимгэн байгаа нь тэгш бус байдлыг бий болгож, ардчиллын суурь үнэт зүйлст сөргөөр нөлөөлж эхэлж байна. Тиймээс өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нь зөв хэмээн Засгийн газар үзжээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь суурь 9 зорилго, 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттай аж. 

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн хавсралт дахь Боловсролын зорилт гэсэн хэсэгт “Сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний тогтолцоог хөгжүүлнэ. Бүх сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж, сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байна” гэж нэмэх санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Тэрбээр, "УИХ 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хууль энэ оны есдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр болно. Хуулийн дагуу Монгол Улсад ажиллаж буй 800 гаруй сургууль гал тогоотой болж, сурагчид үдийн цай бус өдрийн хоол хөтөлбөрт хамрагдах юм. Ингэснээр нийтийн эрүүл мэндийг хамгаалж, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэн, хойч ирээдүй болсон хүүхдүүд эрүүл, зөв хооллодог болж, 5-10 жилийн дотор нийгмийн амьдралд том эргэлт гарч, эрүүл мэндийн салбарын ачаалал буурах юм. Тиймээс Монгол Улсын хөгжлийн ирэх 30 жилийн хөгжлийг тодорхойлох энэ бодлогын баримт бичигт энэ заалтыг тусгайлан оруулах саналтай байна” гэлээ.  

Ийнхүү тус байнгын хороо санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын бүх байнгын хороо хэлэлцэх бөгөөд санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо нэгтгэн, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар төлөвлөөд байна. Төслийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.246.99)