Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.

Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм. Монгол Улсын баг, тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртэж, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид эв нэгдэлтэй, хөдөлмөрч, сахилга баттай байж чадвал олон боломж байгааг онцолж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл Монгол Улсын шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Ази тивдээ жишиг тогтоож, хүлээн зөвшөөрөгдөж чадсаныг онцлов. Үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 12-14-ний өдрүүдэд олимпын эрх авах эхний тэмцээндээ оролцохоор Хонгконгийг зорино гэдгийг дуулгалаа.

Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ онд 3х3 сагсан бөмбөгийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ирэх онд 3х3 сагсан бөмбөгийн Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулав.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.90.61)