Ерөнхийлөгч И Жэ Мён: Монгол, Солонгосын харилцааны “Шинэ алтан үе”-ийг хамтдаа эхлүүлэх алхам болно гэж найдаж байна

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тэрбээр айлчлалын өмнө Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө.
-Эрхэм Ерөнхийлөгч өө, Таны энэ удаагийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын зорилго, ач холбогдол юу вэ?
-Энэ удаагийн төрийн айлчлал миний хувьд онцгой ач холбогдолтой. Миний бие Бүгд Найрамдах Солонгос Улсын түүхэнд бусад Ерөнхийлөгчтэй харьцуулбал Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш хамгийн ойрын хугацаанд Монгол Улсад айлчлал хийж байгаа. Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн тэргүүний хувиар 15 жилийн дараа болж буй төрийн айлчлал тул онцгой ач холбогдол өгч байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй утсаар ярьж, хоёр улсын харилцааны хөгжлийн талаар санаа нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Энэ удаа хоёр улсын харилцааны шинэ ирээдүйн талаар биечлэн уулзаж, ярилцаж байгаадаа туйлын баяртай байна. Ялангуяа, Монголын ард түмний бахархал, эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор уригдсан явдлыг нэр төрийн хэрэг гэж бодож байна. Наадам бол энгийн нэгэн баяр биш, харин Монголын түүх, өвөрмөц соёл, үндэстний оюун санаа орших баяр гэдгийг мэдэж байна. Миний хувьд энэ удаа наадмаар зочилж, Монголын ард түмэнтэй хамт уур амьсгалыг мэдэрч, Монгол, Солонгос хоёр улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал зэрэг нийтлэг үнэт зүйлсийг дахин эргэцүүлэхийг хүсэж байна.
Монгол, Солонгос хоёр улс нь ардчилал, чөлөөт зах зээл гэх нийтлэг үнэт зүйлст тулгуурлан өнгөрсөн 36 жилийн туршид бат бөх итгэлцлийг бий болгосон дотны түнш билээ. 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш геополитикийн ээдрээтэй нөхцөлд ч улс төр, эдийн засаг, соёл, иргэдийн солилцоо зэрэг олон салбарт хамтын ажиллагааны боломжийг тогтвортой хөгжүүлж ирсэн.
Миний энэ удаагийн айлчлал нь Монгол, Солонгосын харилцааг ирээдүйд төлөөлөх “стратегийн түншлэл”-ийг нэг шат ахиулах цэг болгож, Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын харилцааны “Шинэ алтан үе”-ийг хамтдаа эхлүүлэх алхам болно гэдэгт найдаж байна.
Монголчуудад “Алтан” гэсэн үгийн утга хөгжил цэцэглэлт, алдар хүндийг бэлгэддэг. Тийм учраас хоёр улсын хамтран бүтээх Монгол, Солонгосын харилцааны “Алтан үе” нь хоёр орны ард түмэнд бахархлаар дүүргэсэн шинэ цаг үеийг нээнэ гэдэгт итгэж байна.
Түүнчлэн, манай Засгийн газрын Солонгосын хойгт энхтайвнаар оршин тогтнох хичээл зүтгэлийг тууштай дэмжиж ирсэн Монгол Улсад талархлаа илэрхийлж байна. Үүнээс гадна хоёр улсын хооронд худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зэрэг хамтран шийдвэрлэх сорилтууд цөөнгүй байна. Энэ удаагийн айлчлалаар эдгээр тулгамдаж буй асуудалд үнэмлэхүй үр дүнг гаргах боломжийг бий болгоно гэдэгт найдаж, Монгол, Солонгос хамгийн итгэлтэй найзын хувиар ирээдүйг цогцлоох түнш гэдгээ нотлох эрхэм үнэ цэнтэй цаг болно гэж итгэлтэй байна.
-Дэлхий дахинаа чухал ашигт малтмал болон нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой хангах нь гол сорилт болоод байна. БНСУ нь Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын хороог байгуулсан. Энэ салбарт хоёр улс хамтын ажиллагааны ямар загвар хөгжүүлж чадах вэ?
-Өнөөгийн энэ цаг үед чухал ашигт малтмал нь аж үйлдвэр, технологи, мөн улс орны аюулгүй байдлын тулгуур болсон стратегийн хөрөнгө юм. Аюулгүй, найдвартай нийлүүлэлтийн сүлжээг бий болгох нь бүх улсад чухал сорилт болсон. Энэ өнцгөөс шилдэг ашигт малтмалын баялаг ба хөгжих нөөц бололцоотой Монгол Улстай уул уурхайн хайгуул, технологийн хөгжил, үйлдвэрлэлийн шинэчлэл хийх хүчин чадалтай БНСУ хамтран ажилласнаар нийлүүлэлтийн чухал хамтрагч, түнш болох боломжтой юм.
Хоёр улс нь 2023 онд Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын хороог байгуулж, тогтолцооны хамтын ажиллагааны хүрээг бүрдүүлсэн. Солонгосын аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд Монголын коксжсон нүүрс, вольфрам, зэс зэрэг уул уурхайн хайгуул, хөгжүүлэлтийн төслүүдэд хөрөнгө оруулж ирсэн. Цаашдаа энэхүү суурь дээр хамтын ажиллагаагаа нэг шат ахиулах хэрэгтэй юм.
Уул уурхайг хөгжүүлэхэд хамтдаа оролцох түвшнийг өргөжүүлж, нэмүү өртгийг нэмэх, хамтдаа өсөн хөгжих нийлүүлэлтийн сүлжээг хамтын ажиллагааны загвар болгох хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь, хайгуулаас эхлээд боловсруулалт, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн уялдаа холбоо, дахин ашиглалт, хүний нөөц бэлтгэх хүртэлх чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээг бизнесийн бүх шатанд хамруулан оролцох бизнесийн загварыг үүсгэж чадна. Өнгөрсөн жилд нээгдсэн Монгол, Солонгосын ховор металлын судалгааны төв нь хоёр улсын чухал ашигт малтмал нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх цэг болно гэж найдаж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь БНСУ-д тогтвортой чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг дэмжих суурь болохоос гадна Монгол Улсад аж үйлдвэрийн өндөр хөгжил, нэмүү өртгийн үүсвэр, технологийн хөгжлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. Хоёр улсын хамтын ажиллагааны загвар нь цаашдаа ч тогтвортой үргэлжлэх бөгөөд хоёр талын харилцааг бэхжүүлж, эдийн засагт бодит тус дэм болохыг хүсэж байна.
-Монголын нийт хүн амын арван хүн тутмын нэг нь Солонгост хөдөлмөр эрхэлж байсан туршлагатай гэж үзэж болно. Дэлхийн бусад оронтой харьцуулахад Бүгд Найрамдах Солонгос Улсад хамгийн олон монгол иргэд амьдарч, оршин суудаг. Түүнчлэн К-драма буюу Солонгосын олон ангитай кино, солонгос хэл, хоол зэрэг Солонгосын соёл монголын ард түмэнд ихээхэн нөлөө үзүүлдэг. Энэ хүрээнд иргэдийн солилцооны чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд ямар хүчин чармайлт гаргах шаардлагатай гэж Та үзэж байна вэ?
-Монголд "Морьтон цэргээр дэлхийг эзэлж болох ч, мориноос бууж төр барихын тулд хүний сэтгэлийг олох хэрэгтэй" хэмээсэн утга бүхий сургаал үг байдаг гэж сонссон юм. Миний хувьд энэ үгэнд Монгол, Солонгосын харилцааны мөн чанар шингэсэн гэж бодож байна. Улс хооронд үнэнээр холбох хүч бол хүний сайхан сэтгэл, итгэлцэл юм. Энэ нь цаашдаа хоёр улсын харилцааны гол чиглүүлэгч байж, хөгжлийн жинхэнэ хөдөлгүүр нь ард иргэд хоорондын сэтгэл ба итгэлцлээс бий болох ёстой.
Өнгөрсөн жил хоёр улсын ард иргэдийн харилцан зорчсон тоо түүхэн дээд хэмжээ болох 360 мянгад хүрсэн. Монгол Улсыг зорих солонгос иргэдийн тоо жил бүр өсөж байгаа. Бүгд Найрамдах Солонгос Улсыг зорих монгол иргэдийн тоо ч мөн адил нэмэгдэж байгаа төлөвтэй байна. Солонгосын аж үйлдвэрийн талбар болон их дээд сургууль, судалгааны хүрээлэнд 60 мянга гаруй Монголын иргэд ажиллаж, суралцаж Солонгос, Монголын ирээдүйг зэрэгцэн бүтээж байна.
Иргэд хоорондын итгэлцэл, найрсаг харилцаа нь ямар ч хэлэлцээрээс илүү хүчтэй Монгол, Солонгосын харилцааны суурь юм. Миний бие Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийх дээд түвшний уулзалтаар дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил болох 2030 он хүртэл хоёр улсын иргэдийн харилцан зорчих тоог 500 мянгад хүргэх саналыг тавих болно.
Түүнчлэн, хоёр улсын иргэдийн бодит амьдралд мэдрэгдэхүйц, таатай нөхцлийг нэмэгдүүлэхийн төлөө автомашин жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурж, консулын хэлэлцээрийг байгуулах ажлыг хэрэгжүүлэх зэргээр иргэдийн солилцоог 500 мянгад хүргэх цаг үеийг хамтдаа бэлтгэж, тогтолцооны суурийг тавихаар ажиллах болно.
Цаашдаа зөвхөн тоо хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах бус түүний чанарыг дээшлүүлэхэд хамтдаа чармайлт гаргах шаардлагатай байна. Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин сууж буй монгол ажилчид болон оюутнуудад хандах хандлага ба аж амьдралыг тогтвортой сайжруулах болно. Мөн агаарын зам болон нислэгийн тоо давтамжийг өргөжүүлэх зэрэг хоёр улсын ард иргэдэд илүү таатай зорчих нөхцлийг бүрдүүлэх бодит суурийг хамтдаа хөгжүүлэх хэрэгтэй юм. Ингэснээр хоёр улсын иргэдийг харилцан илүү ойр дотно итгэлтэй найз, ирээдүйг хамтдаа нээх түнш болгон хүлээн зөвшөөрөх орчныг бүрдүүлэх болно.
-Монгол Улс 2013 оноос хойш Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатар яриа хэлэлцээ (Ulaanbaatar Dialogue)”-г зохион байгуулж Өмнөд болон Хойд Солонгосын хооронд төвийг сахисан гүүр болж ирсэн. Солонгосын хойгт тогтвортой энх тайвныг тогтооход Монгол Улсын гүйцэтгэх үүргийг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улстай ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлсийг харилцан ойлголцол болгож ирсэн ойрын түнш. Зэрэгцээд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай ч удаан хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж ирсэн онцгой хөрш улс юм. Үүнээс гадна хоёр хөрш БНХАУ болон ОХУ-ын зэрэгцээ бусад бүс нутгийн гол улсуудтай тэнцвэртэй харилцаагаа хадгалж Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж ирсэн. Энэхүү Монгол Улсын гадаад харилцааны нөөц бололцоо нь өнөөгийн цагт ямар ч үеэс илүү чухал гэж үзэж байна.
Монгол Улсын зохион байгуулдаг Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатар яриа хэлэлцээ” нь бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжааж, итгэлцлийг бий болгох арга замыг нээлттэй хэлэлцэх үнэтэй талбар болж ирсэн. Бид энэхүү яриа хэлэлцээнд ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байгаа бөгөөд энэ жилийн зургаадугаар сард зохион байгуулсан “Улаанбаатар яриа хэлэлцээ”-нд манай Засгийн газрын Нэгдлийн сайд оролцон Хойд Солонгосын талаар хэрэгжүүлж буй БНСУ-ын бодлогыг танилцуулсан билээ.
Манай Засгийн газар нь Өмнөд, Хойд Солонгос хоорондын дайсагнал ба сөргөлдөөний цаг үеийг эцэслэж, энх тайван оршин тогтнох, хамтын өсөлт хөгжлийг Солонгосын хойгт бий болгох шинэ цаг үеийг бүтээхийг зорьж байна. Энэхүү алсын харааг биелүүлэхийн тулд бид Өмнөд, Хойд Солонгосын харилцааг өргөжүүлж, улмаар харилцааг хэвийн болгох, түүнчлэн үе шатлалтай аргаар цөмийн зэвсгээс ангижрах бодлогыг цогцоор хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
Харамсалтай нь одоогийн байдлаар Өмнөд-Хойд Солонгосын яриа хэлэлцээ ба Хойд Солонгос-АНУ-ын яриа хэлэлцээ удаан хугацаагаар зогсонги байдалтай байна. Ийм нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг Хойд Солонгостой яриа хэлэлцээний сувгаа хадгалж, бүс нутгийн энх тайвныг хэлэлцэх яриа хэлэлцээрийн талбарыг бий болгох нь чухал юм. Ялангуяа, Монгол Улс итгэлцэлтэй энх тайвны түнш бөгөөд Хойд Солонгостой мөн адил яриа хэлэлцээ хийдэг улсын хувьд бүс нутгийн итгэлцлийг бий болгоход чухал үүргийг гүйцэтгэх боломжтой.
Цаашид Монгол Улсын хуримтлуулж ирсэн гадаад харилцааны итгэлцэл ба Улаанбаатарын яриа хэлэлцээ гэсэн энэ үнэт зүйлсэд тулгуурлан Солонгосын хойгоос гадна Зүүн Хойд Азийг бүхэлд нь энх тайван, тогтвортой байдалд улам их хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Энх тайвныг бий болгох хүч бол цэргийн хүч биш, харилцан итгэлцэл ба яриа хэлэлцээ гэдэгт итгэж байна
-Ерөнхийлөгч Та Монгол-Солонгосын харилцаа ирээдүйд ямар үр дүнд хүрнэ гэж найдаж байна вэ? Мөн Монголын ард иргэдэд болон манай уншигчдад хандан хэлэх үгээ хуваалцана уу...
-Миний бие Солонгос, Монголын харилцааг дипломат бичиг баримтаар л үлдэх харилцаа биш хоёр улсын иргэдийн өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц түншлэлийн харилцаа болгохыг хүсч байна.
Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил болох 2030 онд иргэдийн солилцоо 500 мянгад хүрэх цаг үеийг нээж, Монгол залуус Солонгост, Солонгос аж ахуйн нэгжүүд Монголд, илүү олон боломжуудыг хайхад бодит тулгуурыг бий болгохыг зорьж байна. Бас баялаг болон нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, эрүүл мэнд, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг хоёр улсын иргэдийн аж амьдралд шууд нөлөөлөх салбарт тодорхой үр дүнг гаргахыг зорьж байна.
Миний бие Солонгос, Монголын харилцааг дипломат бичиг баримтаар л үлдэх харилцаа биш хоёр улсын иргэдийн өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц түншлэлийн харилцаа болгохыг хүсч байна.
Миний бие мөн Зүүн Хойд Азийн геополитик хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед, олон улсын хамтын нийгэмлэгт хариуцлагатай үүргээ биелүүлж байгаа Монгол Улстай, элбэг дэлбэг баялагтай, тэнцвэртэй гадаад харилцаа гэсэн нөөц бололцоотой Монгол Улстай хамтын ажиллагааг чухалчилж, богино хугацааны үр дүнгээс илүү дунд болон удаан хугацааны хамтын ажиллагааны тулгуурыг бататгахыг хүсэж байна. Энэ нь бидний хойч үедээ өвлүүлэн үлдээх хамгийн үнэ цэнтэй өв болно гэж бодож байна.
Солонгос нь Монголтой нийтлэг үнэт зүйлсээ харилцан ойлголцож ирсэн хамгийн итгэлтэй найз гэж бодож байна. Одоо энэ мөчид ч Солонгосын нийгэмд өнцөг булан бүрт хөлсөө дуслуулан ажиллаж, их дээд сургууль, судалгааны хүрээлэнд хичээл номд шимтэн суралцаж буй, солонгос хэл, соёлыг суралцаж байгаа 60 мянга гаруй Монгол найзууд байдаг. Тэдний хөдөлмөрч хичээл зүтгэл нь Солонгосын аж үйлдвэрийн талбар болон орон нутгийн нийгэмд амьдралын эрч хүчийг нэмэхийн зэрэгцээ Солонгосын нийгмээс Монголыг илүү ойр дотно мэдэрч байгаа хамгийн том хүч юм.
Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улс нь харилцан зовлон жаргалаа ойлголцож ирсэн, хамтдаа хөгжүүлж ирсэн 36 жилийн аян замыг даван туулж, цаашдын өөр нэгэн ирээдүйн цаг хугацааны дунд үргэлж үнэнч түнш болж үлдэхийг хүсэж байна. Энэ бичвэрийг уншиж байгаа Монгол Улсын ард иргэдэд гүнээ хүндэтгэл илэрхийлж, нөхөрсөг сэтгэлийг илгээж байна. Баярлалаа!
Эх сурвалж: МОНЦАМЭ








