Орос, Монгол, Хятад улсын залуу эрдэмтэд ойн түймрийн эсрэг шийдлүүдийг хэлэлцэв

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Чита хотод болсон Залуу эрдэмтдийн арга хэмжээнд Орос, Монгол, Хятад зэрэг улсын судлаачид оролцож, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.
Тус арга хэмжээ нь ОХУ-ын “Залуучууд ба хүүхэд” үндэсний төслийн хүрээнд зохион байгуулагдсан Залуу эрдэмтдийн конгрессын дагалдах хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд 2026 онд Чита хот зохион байгуулагч хотуудын нэгээр сонгогджээ.
Гурван өдрийн турш үргэлжилсэн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Өвөр Байгалийн хязгаарт тулгамдаж буй бодит асуудлыг судалгаанд суурилсан шийдлээр шийдвэрлэх боломжийг хэлэлцэж, практикт хэрэгжүүлэх төслүүд боловсруулсан байна.
Ойн түймэртэй тэмцэх шинэлэг шийдлүүдийг санал болгов
Залуу судлаачдын боловсруулсан гол төслүүдийн нэг нь Өвөр Байгалийн хязгаарт жил бүр тохиолддог ой, хээрийн түймрийг эрт илрүүлэх, түүнтэй тэмцэх технологийн шийдлийг боловсронгуй болгоход чиглэжээ.
Мөн бүс нутгийн ашигт малтмалын нөөцийг ашиглахтай холбоотойгоор уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд хөрсний төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хянах асуудлыг судалгааны гол чиглэлүүдийн нэг болгосон байна.

Өвөр Байгалийн хязгаарын захирагч Александр Осипов хэлэхдээ, “Өвөр Байгалийн хязгаар бол залуу эрдэмтэд хамгийн зоримог санаагаа бодит ажил болгох боломжтой нутаг юм. Манай бүс нутаг байгалийн өвөрмөц тогтоц, үйлдвэрлэлийн бааз, ашигт малтмалын арвин нөөцтэй. Читад болсон энэхүү арга хэмжээ нь судлаачдад өөрсдийн бүтээлээ танилцуулж, бүс нутагт бодитоор шаардлагатай шийдлийг санал болгох боломжийг олгож байна” хэмээн онцолжээ.








