НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралджээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын талаар хаалттай хуралджээ. Гэсэн хэдий ч шуурхай арга хэмжээ аваагүй байна.

АНУ-ын зүгээс Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүнд хандан “ХАМАС бүлэглэлийн үйлдсэн аймшигт террорист халдлагыг” буруушаахыг шаардсан байна. АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вуд хэлсэн үгэндээ, олон улс орон ХАМАС-ын халдлагыг буруушаасан боловч зарим нь тэгсэнгүй гэжээ.

Харин ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензя Associated Press агентлагт мэдээлэхдээ, халдлагыг ОХУ буруушаагаагүй гэж АНУ-ын тал үзэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна, энэ талаар би хэлсэн үгэндээ дурдсан, бид энгийн иргэд рүү чиглэсэн бүх халдлагыг буруушааж байна гэжээ. Мөн байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, олон арван жилийн турш мухардмал байдалд орсон хэлэлцээг сэргээх нь чухал байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Хятадын Байнгын төлөөлөгч Жан Жуний хувьд хуралдаан эхлэхийн өмнө үг хэлэхдээ, хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ. Нөхцөл байдал улам хурцдах, энгийн иргэд цаашид хохирохоос урьдчилан сэргийлэх нь одоо хамгийн чухал байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өргөнөөр хүлээн зөвшөөрсөн “хоёр улсын шийдэл” төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 9  /DW/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)