Эмэгтэйчүүд хэрхэн Олимпын наадамд оролцох эрхтэй болсон бэ?

Хоёрдугаар сарын 4-ны өдөр 2022 оны Бээжингийн Өвлийн Олимп эхэллээ. Үүнтэй холбогдуулан бид спортын ертөнцийн түүхэн үйл явдлуудын нэг болох эмэгтэйчүүдийн Олимпын эрхийн талаар эргэн дурсаж байна.

Олимпын наадам нь анх МЭӨ 8-р зуунд Эртний Грект зохион байгуулагдаж байжээ. Тухайн үед тус тэмцээн нь зөвхөн Грекийн эрх чөлөөт эрчүүдийн дунд явагддаг байв. Харин эмэгтэйчүүдийг боолтой адилтган үздэг байсан шалтгаанаар спортын төрлүүдэд оролцохыг нь хориглоод зогсохгүй тэмцээнийг үзэгчдийн суудлаас үзэх төдийд цаазын ял оноодог байжээ. Гэвч дүрмээс гадуур цорын ганц эмэгтэй Олимпод оролцох эрхтэй байсан нь Спартагийн хаан Агесилаягийн дүү Киниска юм. Тэрээр морин тэрэгний уралдаанд ялалт байгуулан анхны эмэгтэй Олимпын аварга цолыг хүртсэн байдаг.


1900 он

Эмэгтэйчүүд анх удаагаа Олимпын наадамд оролцов

1900 он бол эмэгтэй тамирчдын Олимпын наадмын босгыг албан ёсоор давсан түүхэн жил юм. Тухайн үед эмэгтэйчүүдийн өмнө теннис, гольф, крокет, дарвуулт завины спорт, морин спорт гэх таван төрөлд оролцох эрх нээгдсэн бөгөөд наадамд оролцсон нийт 997 тамирчны ердөө гурав хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж байжээ. 

Эмэгтэйчүүд хэрхэн Олимпын наадамд оролцох эрхтэй болсон бэ? (фото 1)

Элен де Пуартале – Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Олимпын аварга

Нью Йорк хотод төрсөн Швейцар гаралтай Элен де Пуартале нь 1900 оны Олимпын наадамд нөхрийн хамт оролцож дарвуулт завины төрөлд ялалт байгуулсан билээ. Тухайн үед тэрээр 32 настай байсан.

Эмэгтэйчүүд хэрхэн Олимпын наадамд оролцох эрхтэй болсон бэ? (фото 2)

ОУОХ-д хүйсийн эрх тэгш байдлыг хангах тусгай комисс байгуулагдсан

Олон Улсын Олимпын Хорооны эрх зүйн тулгуур баримт бичиг болох Олимпын Хартийн наймдугаар бүлэгт эмэгтэй тамирчдын бүрэн эрхийн тухай тусгагдсан байдаг. “Эмэгтэйчүүдийн спортод эзлэх оролцоог бүх түвшинд хөгжүүлж, хүйсийн тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх нь ОУОХ-ны эрхэм зорилго мөн” хэмээх энэхүү заалтын хэрэгжилт дээр Эмэгтэй тамирчдыг хариуцсан хороо 1995 оноос хойш ажиллаж байна. Одоогоор тус хороог ФИФА-гийн гүйцэтгэх хорооны анхны эмэгтэй гишүүн Лидия Нескера тэргүүлж байгаа юм.

Эмэгтэйчүүд хэрхэн Олимпын наадамд оролцох эрхтэй болсон бэ? (фото 3)

Ердөө арван жилийн өмнө эмэгтэйчүүд Олимпын бүх төрөлд оролцох эрхтэй болсон

Олон Улсын Олимпын Хорооноос гаргасан шийдвэрийн дагуу эмэгтэй тамирчдад боксын төрөлд оролцох эрхийг олгосноор 2012 оны Лондонгийн Олимпын наадмаас эхлэн бүх төрлүүд албан ёсоор эмэгтэй ангилалтай болсон юм. 

Эмэгтэйчүүд хэрхэн Олимпын наадамд оролцох эрхтэй болсон бэ? (фото 4)

Олимпын шинэ төрөлд тавигдах шаардлага

1991 онд Олимпын наадамд бүртгэгдэх спортын шинэ төрөл бүр заавал эрэгтэй, эмэгтэй ангилалтай байх ёстой гэсэн дүрэм батлагдсан.

Эмэгтэйчүүд хэрхэн Олимпын наадамд оролцох эрхтэй болсон бэ? (фото 5)

2022 оны Бээжингийн өвлийн Олимп

ОУОХ-ын мэдээллэсний дагуу Бээжингийн Олимпын наадамд оролцож буй нийт тамирчдын 45%-г эмэгтэйчүүд эзэлж байна. Ингэснээрээ тус Олимп нь түүхэн дэх хамгийн өндөр тооны эмэгтэй оролцогчидтой наадмаар тодроод байгаа юм.

Эмэгтэйчүүд хэрхэн Олимпын наадамд оролцох эрхтэй болсон бэ? (фото 6)

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.52.68)