Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Хэнтий аймагт болно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод энэ сарын 23-нд эхэлнэ.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 49, эмэгтэйчүүдийн 34, холимог багийн 12 дахь удаагийн тэмцээнд 32 клуб, спорт хорооны 320 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Хэнтий аймгийн жүдо бөхийн холбооны нэрэмжит УАШТ-ий гол зорилго нь орон нутагт энэхүү спортыг жигд хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн түрүүлсэн болон медаль хүртсэн тамирчид үндэсний шигшээ багт нэр дэвших эрхтэй болно.
Эрэгтэйчүүдийн долоон жингээс 60 кг-д хамгийн олон буюу 40 тамирчин барилдах аж. Харин 66-д 36, 73-т 35, 81-т 36, 90-д 29, -100-д 17, +100-д 16 тамирчин барилдахаар мэдүүлэв. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д 19, 52, 57-д тус бүр 18, 63-т 17, 70-д 13, -78д 11, +78-д 12 тамирчин барилдахаар бүртгүүлсэн байна.
Тэмцээний сугалааны үйл ажиллагаа маргааш болно. Харин энэ сарын 23-нд эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78, эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100 кг-ын жингийн барилдаантай. 24-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 63, эрэгтэйчүүдийн 60, 66, 81 кг-ын жингийн барилдаан болох бол 25-нд холимог багийн 12 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн болсноор 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөнө.








