Аливаа зүйлийг маш хурдан сурах FASTER арга гэж юу вэ?

Harvard, Google, Virgin, Nike зэрэг томоохон компаниудад оюуны чадвараа нэмэгдүүлж, тархиа хөгжүүлэх тухай сургалт ордог, алдартай илтгэлүүдээрээ дэлхийг шуугиулж, одоо цагийн хамгийн баян бизнесменүүд болон алдартнуудад багшилдаг Жим Квикийн тухай та сонсож байсан уу?

Тэр бол хурдан уншлага, ой санамж сайжруулалт болон тархи хөгжүүлэлтийн мастер багш, Kwik Learning төвийг үндэслэгч, тархи судлалын дэлхийд алдаршсан шинжээч бас номын зохиогч билээ. Энэ удаа номд хорхойсдог уншигчдадаа зориулж Жим Квикийн Limitless номын агуулга дахь хамгийн чухал санааг товч бөгөөд тодорхой өгүүлэхийг зорилоо. Уг ном нь 2020 онд худалдаанд гарсан даруйдаа New York Times сэтгүүлийн шилдэг борлуулалттай номоор шалгарч, дэлхийн 25 орны хэлээр орчуулагдсан бөгөөд тархи хөгжүүлэлтийн Библи болсон бүтээл билээ.

Спортын, фитнесийн, амьдралын дасгалжуулагч гэж байдаг шиг тархины дасгалжуулагч гэх мэргэшил бас бий. Дасгал хийх тусам биеийн булчин хөгждөгийн адил оновчтой стратеги бүхий аргачлалаар тогтмол хичээллэвэл тархи бас хөгжиж, бүрэн дүүрэн хүчин чадлаар нь ашигласнаар санаанд оромгүй амжилт үзүүлж, өндөр бүтээмжтэй амьдрах боломжтой ажээ. Энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэх Limitless номоос санах ёстой хамгийн чухал хэсэг бол зохиогч Жим Квикийн боловсруулсан FASTER хэмээх аливаа зүйлийг маш хурдан сурах аргачлал юм. Ямар ч мэдлэгийг маш хурдан сурах супер чадвартай болчихвол бидний амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгдөхийг та төсөөл дөө.

FASTER хэмээх аргачлал нь “Forget, Act, State, Teach, Enter, Review” гэсэн англи үгнүүдийн товчлол бөгөөд дараах зургаан аргачлалыг тууштай хэрэгжүүлж чадвал гайхалтай үр дүнд хүрэхийг зохиогч болон эл номын уншигчид баталсаар байгаа билээ.


F – Forget буюу мартах арга

 

Шинэ мэдлэгийг сурахын тулд таны анхаарлыг сарниулах хэрэггүй хуучин мэдлэг, дүгнэлт, бодол, төсөөллүүдээ бүгдийг нь мартах хэрэгтэй гэнэ. Үүн дотроос гурван зүйлийг та зайлшгүй мартах нь зүйтэй.

1. Сурах гэж буй зүйлийнхээ тухай сонссон яриа, дутуу хагас мэдлэгээ бүгдийг нь мартаад жаахан хүүхэд шиг цэвэр оюун ухаанаар сурч эхлэх хэрэгтэй гэнэ. Үүнийг Зэн философид "Beginners mind" хэмээн нэрлэдэг билээ.

2. Сурч байх мөчдөө бүхий л яаралтай, чухал гэж бодсон ажил, төлөвлөгөө, бодлуудаа мартаад 100 хувь одоодоо төвлөр. Үнэхээр бодогдоод салахгүй байвал цаасан дээр бичиж цааш тавиад март гэж зохиолч зөвлөжээ.

3. Өөрийнхөө оюуны чадамж, хэр чадлын тухай итгэл үнэмшил, далд ухамсартаа суусан элдэв хязгаарлалтуудын тухай бодлоо бүгдийг нь март хэмээжээ. Чадна, чадахгүй гэдэг хийсвэр эргэлзээ таны сурах явцыг хойш чангаахаас хэтрэхгүй санж.


A  Act буюу идэвхтэй байх арга

 

Хичээлийн танхимд багшийн заасныг дуугүй сонсох, эсвэл хичээл дээрээ баг болон хуваагдаад дасгал ажил хийж, тэмцээн зохиох гэсэн хоёр аргын сүүлийнх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь хүн таван мэдрэхүйгээ бүгдийг нь ашиглавал аливааг маш хурдан сурч, удаан мартдаг ажээ. Тиймээс нэг зүйлийг сурахдаа олон төрлийн аргаар өөрийгөө идэвхжүүлж байгаарай.


S – State буюу өөрийнхөө одоогийн байдлыг нягтлах арга

 

Энэ хэсэгт хоёр авууштай санаа бий. Юун түрүүнд аливаад суралцаж буй тухайн мөчдөө таны бие хаа, сэтгэл санаа ямар байгааг, тэр өдрийн уур амьсгал, орчин нөхцөл танд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрүүлж байгааг сайтар ажиглаарай. Яагаад гэвэл хүн баяр хөөртэй, сэтгэл тайван байх үедээ бүрэн төвлөрч, шинэ зүйлийг хүлээж авахдаа гойд сайн байдаг гэнэ. Тийм ч учраас ариун цэврийн өрөөнөөс эсвэл усанд орох үеэр шинэ санаа төрөх магадлал хамгийн өндөр байдаг аж.

Дараа нь, шинэ зүйл сурахдаа сэтгэл хөдлөлөө оролцуулбал мартах гэдэг зовлонгоос ангид байх нь. Арван хормын өмнө эхнэрийнхээ захисан зүйлийг мартчихсан байгаа атлаа бага насны дурсамж, хуримын өдөр, анхны үнсэлтээ хэзээ ч мартдаггүйн учир нь тэдгээр мөчүүдэд та маш их баярлаж, гайхаж, догдолсонтой холбоотой. Мөн тэдгээр нь таны хувьд маш их утга учир, үнэ цэнтэй учраас одоо хүртэл санаанд тань шив шинээрээ байгаа юм.


T – Teach буюу бусдад заах арга

 

Хэрвээ та өнөөдөр сурч буй зүйлээ маргааш олон хүнд заах болбол яах вэ? Тайзан дээр гараад гацахгүйн тулд, хүмүүсийн сонирхсон асуултад оновчтой хариулахын тулд та маш анхааралтай, нарийвчлан сурах нь гарцаагүй. Тиймээс “Үүнийг би дараа нь бусдад заана” гэсэн зорилготойгоор сурах нь илүү үр дүнтэй.


E – Enter буюу хугацаа тодорхойлох арга

 

Сурна гэж бодох, сурч эхлэх хоёрын хооронд газар тэнгэр шиг хол зай бий. Энэ зайг багасгахын тулд та хамгийн түрүүнд хэзээ эхлэх, хэзээ амсхийх, хэзээ дуусгах гэх мэт гол үе шатуудынхаа хугацааг цаасан дээр зоож өгөх хэрэгтэй. Нэгэнт хугацаа нь тодорхой болсон бол төлөвлөгөөгөө ягштал мөрдөөрэй.


R – Review буюу давтах үе арга

 

Давтах гэдгийг хичээлийн дараа ангидаа үлдээд албан хүчээр давтлага авдаг байсан өдрүүдтэй андууруузай. Ганц хоёр удаа учиргүй их давтаж байснаа хэд хоногийн дараагаас “За боллоо” гээд хаях нь өрөөсгөл юм. Хүний тархи сурсан мэдсэнээ тодорхой хугацааны шатлалтайгаар бага багаар мартаж байдаг. Тиймээс энэ механизмын эсрэг авах арга хэмжээ нь та шинэ зүйл сурснаасаа хойш нэг долоо хоног, хагас сар, нэг сар, нэг улирал гэх мэт шатлалаар өнөөх мэдлэгээ сөхөн харж байх явдал юм. Их юм сураад бага багаар мартаж байснаас тодорхой хүрээний багахан зүйл сураад түүнийгээ насан туршийн мэдлэг болгох нь хамаагүй прагматик мэргэн ухаан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.97.34)