Тариалангийн тогтвортой менежментийн сайн туршлагыг нутагшуулна

“Дэлхийн өмнөд бүсийн хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” (SSC Soil) төслийг манай улсад албан ёсоор нээлээ.

Төслийн хүрээнд Монгол Улсад хөрсний зураглал, лабораторийн чадавхыг сайжруулах, тариалангийн тогтвортой менежментийн сайн туршлагыг нутагшуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Манай улс энэ төслийг хэрэгжүүлэх дэлхийн 4 дэх улс болж байгаа бөгөөд БНХАУ-аас хөрс хамгаалахад техникийн туслалцаа үзүүлнэ.

Төслийг ХХААХҮЯ НҮБ-ын ХХААБ, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтран хэрэгжүүлнэ. Энэ нь Монгол Улсад Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны санаачилга (South–South Cooperation) хүрээнд хэрэгжиж буй хөрсний менежментийн чадавх сайжруулах анхны төсөл болж байна.

 

Төслийг нээж, баримт бичиг хүлээж авах ёслолд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, “Хөрсөө хамгаалах нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Хөрс хамгаалах ажил нь үр хойчдоо үлдээх хөрөнгө оруулалт билээ. Монголчууд сүүлийн 60 гаруй жил газар тариалан эрхэлсэн туршлагатай ч хөрс дорройтох эрсдэл үүсээд байгаа. Бэлчээр талхагдаж, даац нь хэтрэх болсон нь хөрсний тогтвортой менежмент нэвтрүүлэх шаардлага тулгарсныг илтгэнэ. Энэ төсөл нь манай орны хөрсний тогтвортой менежментийг шинэ шатанд гаргах юм” хэмээгээд хамтдаа илүү ногоон, тогтвортой ирээдүйг бүтээхийг уриаллаа.

Хөрс хамгааллаар дамжуулан тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих тус төслийг Монгол Улсад 2025-2028 онд хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.6)