Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” тогтоолыг батлав.

УИХ-аар хэлэлцэж буй Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно”  хэмээн заасан. Тиймээс Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг тодорхойлохоор уг төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулжээ.

Засгийн газрын гишүүд “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)