УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэллээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга хуралдааны эхэнд танилцуулав.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах санал гаргав. Хуулийн төсөлд керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц зэрэг бүтээгдэхүүнийг оруулж, 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар тусгасан байна. Ингэснээр хуурамч шатахуун үйлдвэрлэх асуудал зогсоно гэдгийг дурдсан юм. Уг асуудлыг Төсвийн байнгын хорооноос хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах санал ирүүлээгүй байгааг УИХ-ын дарга тайлбарлав.

Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлаар чуулганд мэдээлэл өгөх хүсэлтээ байгаагаа хэллээ. Тэрбээр, “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн дараа хийсэн шалгалтаар хэд хэдэн асуудал үүссэн. Үүнийг олон нийтэд ил болгох ёстой гэж Засгийн газар үзэж байгаа. Олон нийтэд ил болгохын өмнө УИХ-ын гишүүдэд танилцуулах нь зөв” гэлээ. 

Энэ долоо хоногийн баасан гарагийн хуралдааны үеэр уг асуудлыг УИХ-д танилцуулах боломжтой эсэхийг УИХ-ын Тамгын газар судлахыг Г.Занданшатар дарга үүрэг болгов.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Хот байгуулах тухай тогтоолын төсөлд Аеро сити, Майдар хотыг хөгжүүлэх асуудлыг тусгасан. Ноднин баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аймгийн төвүүдийг хот болгохоор заасан. Тиймээс энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө аймгийн төвүүдийг хот болгох тогтоолыг батлах хэрэгтэй” гэсэн санал гаргав.

21 аймгийн төвийг хот болгох тогтоолыг УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн бариагүй байгаа тул хэлэлцэх боломжгүй байгааг УИХ-ын дарга хэллээ. Ийнхүү чуулганаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар доорх асуудлыг хэлэлцэнэ.

1.“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;  

2.“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;  

3. “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих/;  

4.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;  

5.“Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 

6.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;  

7.““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;  

8.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;  

9.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;  

10.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;  

11.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;  

12.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)