Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн зээлийн хэлэлцээрийг сунгав

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидлын төслийг дэмжив.

Захидалд, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов. Тус хэлэлцээр нь Солонгос Улсаас  Монгол Улсад 700 сая ам.доллартай тэнцэх солонгос вонны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй,  эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр авч хэрэгжүүлж байгаа юм.

Нийт 15 төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн бөгөөд хэлэлцээрийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ээр дууссаныг 2020 он дуустал сунгахаар болж байна.

Мөн хуралдаанаар, "COVID-19" цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр авах арга хэмжээний хоёр дахь шатны хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд хөтөлбөрийн төслийг танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)