АН-ын зөвлөлөөс бүлэг байгуулах саналыг өргөн барина

УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын даргад бүлэг байгуулах саналаа өргөн барихаар болсныг хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоороо элсэж, өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд албан ёсоор нэгдэх хүсэлтээ өгсөн хэмээн мэдээллийн эхэнд тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат онцлов. Тэрбээр, “АН-ын зөвлөлд О.Баасанхүү гишүүн нэгдсэнээр, найман гишүүнтэй бүлэг болох гэж буйгаа дуулгая. Энэ долоо хоногт УИХ-ын даргад саналаа хүргүүлж, пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар төлөвлөж байна” хэмээв.

Сонгуулийн үр дүнгээр наймаас дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж хуульд заасан. 2016 оны сонгуулиар АН есөн суудал авч бүлэг байгуулсан. Гэвч АН-ын бүлгээс хоёр гишүүн гарч долоон гишүүнтэйгээр бүлэггүй болсон юм. Харин О.Баасанхүү гишүүн АН-д элссэнээр бүлгээ эргэн сэргээх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, анх сонгуулийн үр дүнд авсан есөн суудал нь хадгалагдаж байгаа тул АН бүлэгтэй болох боломжтой гэж үзэж байна хэмээн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)