Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-аас тус хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар, анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан байна. Тиймээс уг хуулийг шинэчилэн найруулж, өнгөрсөн онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлжээ. Хуулийн төсөлд  төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг зохицуулах заалт тусгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас 22 зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргажээ. Чуулганаар ажлын багийн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганаар Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чехийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)