Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Хуулийн төсөлд, сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ. 

Хуулийн төслийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат чуулганы хуралдаанд танилцуулав.Засгийн газраас агаарын бохирдлыг багасгах зорилгоор нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргасан. Энэ дагуу  сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий Тавантолгой нүүрс компанийг байгуулсан. Тус компани өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу нэг тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын өрхийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгааг төслийн танилцуулгад онцолсон.  Иймээс сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан бөгөөд өмнө нь энэ төрлийн НӨАТ авч байгаагүй, шинээр авч байгаа тул төсвийн орлогод нөлөөлөхгүй аж.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 14-ны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Ж.Батзандан нар төслийн ажлын багаас асуулт асууж тодруулсны дараа санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)