Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчдыг ХХОАТ-аас чөлөөлөхгүй

Засгийн газраас шинэ коронавирусний цар тахлын үед хүндэрч байгаа эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэв. 

Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг УИХ-д оруулж санхүүжилтийг нь шийдвэрлүүлнэ хэмээн танилцууллаа. Тодруулбал, Коронавирусний халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх аж. Хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмж олгох юм байна. Мөн өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс ХХОАТ авахгүй ч улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагч үүнд хамаарахгүй гэдгийг цохон тэмдэглэв. Мөн төрийн болон орон нутгийг өмчит аж ахуйн нэгжүүдэд хамаарахгүй юм байна. Түүнчлэн тендер авч улсаас мөнгөө аваад одоо ажиллаж байгаа компаниудыг энэ хөнгөлөлтөд хамруулахгүй гэдгийг тэмдэглэлээ. Дээрхээс бусад нийт 526 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх ажээ. Харин хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэдэд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно. 

Шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрөөс үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд сар бүр 200 мянган төгрөг олгоно гэдгийг тайлбарлалаа. 

Жилийн борлуулах орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжийг зургаан сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлөх ч улсын төсвөөс мөнгө авч ажил хийж байгаа орлого хамаарахгүй аж. Нийтдээ 105 мянган аж ахуйн нэгж энэ хөнгөлөлтөд хамрагдаж байгаа юм байна. 

Түрээсээ багасгасан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг мөн чөлөөлөхөөр болсныг дуулгалаа. Үүнд зах, худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газраас гадна хувийн сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний байр хамаарна гэдгийг онцоллоо.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэхдээ, 860 мянган иргэний 2020 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно гэлээ. Үүнээс гадна хоёр сая 511 мянга 332 иргэн, 486 аж ахуйн нэгж ЭТТ-н хувьцааны ногдол ашгаа таюдугаар сард багтаан авах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)