Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг он цагийн дарааллаар тоймлов

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн  урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнгөрсөн баасан гарагт /2019.12.06/ 11:00 цагт эхэлсэн. Гэвч тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон жолооч Н.Доржпүрэв нь шүүх хуралд биеэр оролцохоор болж түүний өмгөөлөгчөөс өгсөн хүсэлтийн дагуу шүүгч шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.

Шүүх хуралдаан энэ сарын 13-ны 14:00 цагт болохоор болсон ба яллагдагчид авсан түр саатуулах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх юм.

Хэргийн тухай эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоожээ.

Хэрэг гарснаас хойш 14 сарын хугацаа өнгөрөөд байгаа ба хэргийг он цагийн дараааллаар тоймловол:

2018 оны 8-р сарын 9. СБД-ийн 1 дүгээр хороонд байрлалтай Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага 102 утсанд ирсэн. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын  дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоов.

2018 оны 11-р сарын 15. ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан тул прокурорт шилжүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

2019 оны 1-р сарын 18. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэв. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоон энэ өдөр хэлэлцэхээр зарласан байна.

Гэвч шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11:00 цаг хүртэл хойшлууллаа. 

2019 оны 1-р сарын 25. Шүүх хурлыг дахин хойшлуулж 2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагт товлов.

2019 оны 2-р сарын 8. Шүүх хурлыг хойшлууллаа.

2019 оны 2-р сарын 27. Шүүх хуралдааныг дахин хойшлуулж 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт товлов.

2019 оны 3-р сарын 18. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах,  хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг  2019 оны 04 дүгээр  сарын 05-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ. 

2019 оны 4-р сарын 5. Шүүх хурлыг хойшлууллаа. 

2019 оны 4-р сарын 29. Шүүх хуралдааныг 2019 оны 5 дугаар  сарын 1-ний 10:00 цаг хүртэл хойшлууллаа

2019 оны 5-р сарын 17. Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Прокурорт буцааснаас хойш зургаан сар гаруйн хугацааны дараа Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

2019 оны 12-р сарын 04. Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагт хийхээр товложээ. 

2019 оны 12-р сарын 06. Шүүх хурлыг ес дэх удаагаа хойшлуулж 12-р сарын 13-нд товлолоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)