"Эрдэнэт Машин" цогцолбор үйлдвэр байгуулахад 2500 орчим ажлын байр шинээр бий болно

Зам тээврийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28-30-ний өдрүүдэд Орхон аймагт томилолтоор ажиллаж, Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцлаа.

Энэ өдрүүдэд Орхон аймагт шинээр ашиглалтад орж буй Автотээврийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж санал солилцлоо.

 

Мөн Зам тээврийн яам “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлтэй танилцаж,  инженер техникийн ажилтуудтай уулзав.  Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн засвар механикийн үйлдвэрийн нэгж хэсэг болох цутгуурын цехийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түшиглэн байгуулах үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн нэгж болох “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Ди Ди Эй Жи” ХХК боловсруулж, өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигджээ.

 

“Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын төслийн удирдагчаар “Ди Ди Эй Жи” ХХК-ийн захирал, Монгол Улсын мэргэшсэн инженер Д.Ганзаяа ажиллаж байна. Ахлах зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) М.Баттөгс, Зөвлөх эдийн засагчаар Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Ш.Халтар, машин үйлдвэрлэлийн зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Б.Пүрэвдорж, машин үйлдвэрлэлийн зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер С.Арслан, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Зоригоо нар ажиллажээ.

 

Уг төсөл хэрэгжсэнээр импортыг орлох вагон, автобус, бага даацтай ачааны автомашиныг Монгол Улсад, дотооддоо үйлдвэрлэн гаргах боломж бүрдэх юм байна. Төслийн ТЭЗҮ-г боловсруулж буй Монгол Улсын мэргэшсэн инженер Д.Ганзаяа ажлын хэсгийн хамт гадаадын хэд хэдэн автомашины үйлдвэртэй танилцаж, туршлага судлаад иржээ.

Казакстан улсын Алматы хотод байрлах “FalconEuroBus” цахилгаан автобусын үйлдвэртэй танилцсан байна. Мөн БНХАУ-ын Бээжин, Чанчун, Жилин зэрэг хотуудад “Faw” автомашины үйлдвэртэй танилцаж, автобус, ачааны, тусгай зориулалтын зэрэг бүх төрийн автомашин үйлдвэрлэж байгаа явцтай танилцаж, туршлага судлаад иржээ.  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулагдвал 2500 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо судалгааг гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгаагаа хэлэв.

Бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн засвар механикийн завод буюу цутгуурын цехийн үйл ажиллагаатай танилцууллаа.  Тус цутгуурын цех нь 1980 онд анхны ганг хайлуулж цутгаснаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн Монгол Улсын хамгийн том машин үйлдвэрлэл, цутгуур болон засварын чиглэлийн том үйлдвэр болон хөгжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.  

 

Одоогоор тус үйлдвэрт 2000 тонн механик боловсруулалттай эд анги, 720 тонн металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмж, 140 тн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

 

Тухайлбал, цутгамал бүтээгдэхүүнээр ЭКГ-10И, ЭКГ-12К, LIEBHERR-996 экскаваторуудын, шанаганы дээд доод хана, шүд, өрмийн машинуудын эд анги, хутга, хуяг, гинж, ККД, КСД, КМД, MP, AMPCO,HP маркийн бутлууруудын хөдөлгөөнт болон үл хөдлөх конус хуягууд, төрөл бүрийн хацарт болон алхан бутлуурын алх, хуяг, МШЦ, ММС төрлийн тээрмийн доторлогооны хуягнууд, WARMAN болон ГрАТ төрлийн шахуургууд, түүний түргэн элэгддэг  эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж байгаа үйл ажиллагаатай танилцав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон энэхүү үйлдвэрлэл дээр түшиглэн “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж, Монгол Улсын хамгийн том машин үйлдвэрлэлийн эхлэлийг тавих зорилготой бэлтгэл ажлаа хангаж байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)