Түүхэнд мөнхөрсөн тэнгисийн цэргийн жанжин Феодор Ушаковын дурсгалыг хүндэтгэн хөшөө босгожээ

Түүхэн баатруудынхаа гавьяаг дурсаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх уламжлал хоёр улсад өнөө ч үргэлжилж байна. Оросын нэрт тэнгисийн цэргийн жанжин, адмирал Феодор Ушаковын 280 жил, эрхэм хүмүүнийг гэгээнтнээр өргөмжилсний 25 жилийн ойд зориулсан “Ушаковын замнал” мөргөлийн аяллыг ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт зохион байгуулжээ.

Энэхүү аялал нь Оросын түүхэнд нэрээ үлдээсэн цэргийн жанжин, адмиралын амьдрал, үйл хэрэг, түүхэн гавьяаг дурсахын зэрэгцээ түүхэн ой санамжаа хадгалах, залуу үедээ энэ хүндэтгэлийн арга хэмжээг өвлүүлэн үлдээх зорилготой юм.

Ёс суртахүүн, дотоод сэтгэлийн боловсрол хоёр бүх зүйлд сайн үр дүн авчирна

Москва хотын Левобережный дүүрэгт баригдаж буй зөвт дайчин Феодор Ушаковын нэрэмжит сүмийн талбайд “Ушаковын замнал” мөргөлийн аяллын хүрээнд хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Ёслолын үеэр Төв Азийн митрополитын тойргийн тэргүүн, Ташкент, Узбекистаны митрополит Викентий мөргөлийн ёслолыг удирдан явуулсан байна. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд орос орноор аялагчид, сүсэгтэн олон болон нутгийн иргэд хүрэлцэн ирж оролцсон байна. Мөн энэ үеэр Севастополь хотын иргэд болон Оросын Хар тэнгисийн флотын зүгээс сүмд хүлээлгэн өгсөн усан онгоцны зангууг ариусгах ёслол болж, дайчдын дурсгалд зориулан залбирал үйлджээ.  Үүний дараа адмирал Феодор Ушаковын цээж барималд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн байна.  

Хүндэтгэл ёслолын арга хэмжээг удирдан явуулсан Митрополит Викентий хэлсэн үгэндээ Түүхэнд мөнхөрсөн энэ эрхэм хүмүүн цэргийн ур чадварыг сайн эзэмшихын зэрэгцээ хүний ёс суртахуун, итгэл үнэмшил, дотоод хүч, эх оронч чанар ямар чухал болохыг үлгэр жишээ харуулсаар ирснийг онцолсон байна.  Тэрээр “Цэргийн хүч, цэргийн ур чадвар нэг зүйл. Харин ёс суртахуун, хүний дотоод итгэл үнэмшил, дотоод сэтгэлийн боловсрол бол агуу хүч юм. Энэ хоёр гайхамшигт мөн чанар нэгдэж чадвал аливаад ялалт, сайн үр дүн, амжилтыг авчирдаг” гэжээ.

Нэг ч тулалдаанд ялагдаагүй адмирал

Уг арга хэмжээнд Оросын тэнгисийн цэргийн флотын нэр хүндтэй төлөөлөгчид, ахмад офицерууд оролцсон байна. Мөн тэдний дунд 2001-2006 онд ОХУ-ын Балтийн флотын командлагчаар ажиллаж байсан адмирал В.П.Валуев, адмирал В.П.Комоедов нар хүндэтгэн ирж ёслолд оролцжээ.  

Адмирал В.П.Валуев Феодор Ушаковыг олон тулалдааныг удирдсан ч нэг ч удаа ялагдаж байгаагүй, түүний командалсан нэг ч хөлөг онгоц дайсанд олзлогдож байгаагүйг түүхийн хуудаснаа өнөө ч онцлон дурссаар байдаг. Энэ нь түүхэн хүн, Ушаковыг Оросын тэнгисийн цэргийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг жанжин болохыг харуулдаг ажээ.

Москва хотын Нийгмийн танхимын гишүүн А.Н.Асафов мөн арга хэмжээнд оролцож, түүхэн ой санамжийн ач холбогдлыг онцолсон байна. Тэрбээр зангууг усан цэргийн уламжлалын чухал бэлгэдэл хэмээн үзэж, түүнийг ариусгах ёслол нь бат бөх байдал, үнэнч чанар, нэр төрийг бэлгэдэж буйг хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон зочдод тайлбарлан хэлсэн байна.

Монголчууд ч түүхэн жанждаа дээдэлдэг

Аль ч улс оронд эх орныхоо түүхэн баатрууд, цэргийн жанждынхаа гавьяаг дурсаж, хүндэтгэх уламжлал байдаг. Монголын ард түмэнд ч гэсэн энэ өв уламжлал олон зуун жилийн түүхтэй. Их Монгол Улсын түүхэнд нэрээ үлдээсэн цэргийн жанжид зөвхөн ялалт байгуулсан дайчид төдийгүй цэргийн зохион байгуулалт, стратегийн сэтгэлгээ, манлайллын ур чадвараараа түүхэнд үнэлэгдэн үлдсэн байдаг.

Тэдний дундаас Чингис хаан хамгийн тод жишээ юм. Тэмүжин нэрээрээ түүхэнд танигдсан Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, тухайн үеийн цэргийн зохион байгуулалт, сахилга бат, удирдлагын шинэ арга барилыг бий болгосон түүхэн хүн билээ.

Тэрээр зөвхөн цэрэг дайны ажиллагааг удирдаад зогсохгүй, өргөн уудам газар нутгийг захирах төрийн тогтолцоог бүрдүүлсэн нь түүний түүхэн гавьяаны нэг хэсэг юм. Чингис хааны нэртэй салшгүй холбоотой өөр нэгэн алдарт жанжин бол Сүбээдэй баатар.

Тэрээр олон аян дайныг удирдаж, цэргийн хүчийг хурдан шилжүүлэх, дайсны байрлалд тохируулан тактикаа өөрчлөх зэрэг арга барилаараа тухайн цаг үедээ онцгойрч байсан нь мөн түүхэн өгүүллэгүүдэд  тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Мөн Зэв жанжин Чингис хааны шилдэг жанждын нэгээр түүхэнд тэмдэглэгддэг. Түүний бие даан шийдвэр гаргах, нөхцөл байдлыг хурдан үнэлэх, уламжлалт бус арга хэрэглэн дайснаа сөрөх чадвар нь олон аян дайны амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүхээ мэдэх нь ирээдүйн хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлнэ

Өнөөдөр Орос, Монгол хоёр улс өөр өөрийн түүх, соёл, уламжлалын хүрээнд түүхэн ой санамжаа хадгалах, үндэсний баатруудынхаа гавьяаг хойч үедээ таниулахад анхаарч байна. Түүхэн хүмүүсийн үйл хэрэг, тэдний гаргасан шийдвэр, амжилт, алдаа оноог мэдэх нь зөвхөн өнгөрсөн үеийг дурсахын нэр биш. Энэ нь өнөөдрийн нийгэмд үнэт зүйл, эх оронч үзэл, хариуцлага, манлайллын тухай ойлголтыг залуу үед хүргэх нэг арга юм.Оросын түүхэнд адмирал Феодор Ушаков, Монголын түүхэнд Чингис хаан, Сүбээдэй, Зэв зэрэг цэргийн жанжид өөр өөр цаг үед, өөр өөр нөхцөлд амьдарч, түүхэндээ тод мөр үлдээсэн байдаг. Тэдний тухай дурсамж өнөөдөр ч хадгалагдан үлдэж буй нь ард түмэн өөрийн түүхийг хэрхэн санаж, хойч үедээ хэрхэн өвлүүлдэгийн нэг илрэл юм. Түүхэн ой санамжаа хадгалж, үе үеийн баатруудынхаа гавьяаг бодитоор танин мэдэх нь өнгөрснөө хүндэтгэхийн зэрэгцээ ирээдүйгээ зөв ойлгох чухал үндэс билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.19)