АНУ-ын зэвсгээр ОХУ-д цохилт өгөхийг Украинд зөвшөөрчээ

ОХУ энэ сарын дундуур Украины хоёр дахь том хот Харьков руу халдаж эхэлсэн билээ. Тус дайралтын улмаас 18 хүн нас барсан байна.

Энэхүү дайралт цааш даамжирсаар байгаа тул АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден АНУ-ын нийлүүлсэн зэвсгээр ОХУ-д цохилт өгөх зөвшөөрлийг Украинд өгчээ. Ингэхдээ зөвхөн Харьков хот орчмын газар нутаг руу дайрч буй тохиолдолд хариу цохилт үзүүлэхийг зөвшөөрсөн ажээ. Үр дүнд нь Украин Харьковыг чиглэн харвасан пуужин, хилийн орчимд цугласан Оросын цэргүүд, Украины нутаг дэвсгэрт халдсан бөмбөгдөгч онгоц зэрэг дайралтын эсрэг арга хэмжээ авахдаа АНУ-ын нийлүүлсэн зэр зэвсгийг ашиглах боломжтой болж байна. Гэхдээ ОХУ-ын цэргийн дотоод бүтцэд халдах, нутаг дэвсгэрт нь алсын тусгалын пуужин харвах зэрэг үйл ажиллагааг хориглосон хэвээр байна.

Тавдугаар сарын 27-нд Болгарын Софи хотноо зохион байгуулагдсан НАТО-ийн Парламентын зөвлөлийн уулзалтын үеэр Украинд тавьсан зэвсгийн хоригоо сулруулахыг уриалжээ. Энэхүү уриалгыг АНУ, Их Британи, Франц, Польш тэргүүтэй хэд хэдэн улс дэмжсэн байна. Харин ХБНГУ-ын хувьд Украиг зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор олон улсын эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бол дэмжинэ хэмээн байр сууриа илэрхийлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.97.34)