Ц.Элбэгдоржийн жиргээ дагагчдынхаа тоогоор тэргүүлсээр байна

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жиргээ дэлхий нийтэд дагагчдынхаа тоогоор тэргүүлсээр байна. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины дайнаас хойш анх удаа барууны хэвлэлд ярилцлага өгсөнтэй холбогдуулж "Путиний ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” гэсэн нь "Х" ертөнцийг шуугиулж байна.

Тодруулбал, сар шинийн үеэр "Fox News" сувгийн хөтлөгч асан Такер Карлсоны ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцлага хийсэн юм. Энэхүү ярилцлага "Х" платформд нийтлэгдсэн агаад В.Путин уг ярилцлагынхаа турш Украинд хийсэн цэргийн тусгай ажиллагааны талаарх  түүхийн баримтуудыг дурджээ. Ярилцлагад  В.Путин "Оросын үе үеийн эзэнт гүрнүүд Польш, Унгар, Румын, Крымээс газар нутгаа шилжүүлэн Украины орчин үеийн хил хязгаарыг хэрхэн бүрдүүлж байсныг мөн Украин бол Сталины хүслээр бий болсон хиймэл улс гэдгийг батлах бүрэн үндэслэл бидэнд бий" гэсэн нь дэлхийн хэвлэлүүдээр цацагдсан.

В.Путины дэлгэсэн түүхийн баримтуудыг няцаасан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээ өнөөдрийн байдлаар найман сая гаруй хүнд хүрч,  2.5 мянган сэтгэгдэлтэй, 100 гаруй мянга хүн хариу реакшн үзүүлжээ. Дэлхийн "Х" талбарт монгол хүний жиргээ анх удаа олон сая хүнд хүрч, олон мянган хүнээс хариу үйлдэл авч байгаа нь энэ юм.

Тэрчлэн монголчууд төдийгүй дэлхийн зарим улстөрч, хэвлэл мэдээлэл түүний жиргээг "оны онцлох пост боллоо" гэж байр сууриа хуваалцжээ.

Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жиргэхдээ "Монголын нийт хүн амыг хоёр дахин нэмсэнээс илүү хүн одоогоор үзэж. Ерөөлөөр дэлхийн Монгол хүн бүрийн тоогоор үзэх болтугай. Зүгээр л "Путины ярьсаны дараа. Монголын түүхэн газрын зураг. Санаагаа бүү чилээ. Бид эрх чөлөөтэй, энх тайванч улс" гэсэн утгатай жиргээг "Х"-т бичсэн юм. Гэтэл "Оны пост тодорхой боллоо. Дөнгөж хоёр сар гарч байхад" гээд л шуугив. 

 

Ази Европын дээд хэмжээний уулзалт "АСЕМ"-ыг 2016 онд хийхэд ингэж нэг шуугисан. Монголын том нэр гарч шуугих тусам сайн. Бид чинь эрдэмт Монгол хүн, их түүх, эрх чөлөө, Эх орноороо бахархдаг улс шүү. Зарим хэвлэл, хүний бичсэнийг хавсаргав. Өөрсдөө олж үзээрэй" гэжээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)