Төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлдэг болно

Б.ТУУЛ

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос энэ сарын 22-нд  намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийх үеэр тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын төсөв, санхүүгийн салбарт өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд нүүрлэсэн алдаа дутагдлыг засах үүднээс төсвийн шинэчлэлийн хүрээнд 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг хэллээ.

Тэрбээр цааш ярихдаа "Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс төсвийн шинэчлэлийн хүрээнд баталсан томоохон хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Үүнийг төсвийн шинэ цаглавар үйлчилж байна гэж хэлж болно. Тухайлбал, Төсвийн хүрээний мэдэгдлийг гуравдугаар сарын 15-нд Засгийн газраас өргөн мэдүүлэхэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төслийг үзэж нягтлаад, Монгол Улсын хөгжлийн бодлого болон урт хугацааны төсөв санхүүгийн тогтвортой байдалтай нийцэж байгаа эсэх дээр дүн шинжилгээ хийх юм. Энэ талаараа гуравдугаар сарын 30-нд хэвлэлд мэдээлэл хийх болно. Төсвийн шинэ цаглаврын хүрээнд гуравдугаар сарын 15-наас эхлээд, цаашдаа төсвийн төслийн боловсруулалт, төлөвлөлтийн бүхий л мэдээллийг ил тод байхаар хуульчилсан. Төсвийн захирагчид төсөвтэй холбоотой бүх мэдээллээ олон нийтэд ил тод тавьж мэдээлэх үүрэгтэй бөгөөд үүнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хяналт тавина гэдгийг байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.

Мөн Монгол Улсын төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэхийн зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын байгууллагад давхар хүргүүлнэ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллагад есдүгээр сарын 1-нээс 20, 25 хүртэлх хугацаанд төсвийн төсөлтэй танилцах эрхийг нээж өгсөн. Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаар хийсэн дүн шинжилгээ, мэргэжлийн тооцоо судалгаа, зөвлөмж дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад есдүгээр сарын 20-нд танилцуулах юм.

Харин төрийн аудитын байгууллага есдүгээр сарын 25-нд буюу үүнээс тав хоногийн дараа төсвийн төслийн талаарх аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан мэдээлэх аж.

Энэ нь төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн хяналт хариуцлагыг сайжруулах, цаашдаа төсөв тойрсон аливаа зөрчил, алдаа дутагдал гарахгүй байх үүднээс эдгээр байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж, хэвлэл мэдээлэлд нээлттэй, олон нийтэд ил тод ажиллах зохицуулалтыг тусгалаа. Хэрэв мэдээлэл өгөх өдөр нь амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөр нь шилжүүлэх бөгөөд олон нийтэд мэдээлэл хүргэсний дараа УИХ-д ажлынхаа тайлан дүгнэлт, зөвлөмжөө хүргүүлэх зохицуулалттай. Ингээд УИХ аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ гэж байнгын хорооны дарга онцлов.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)