Мянганыхан долоо хоногийн дөрвөн өдөр ажиллахыг дэмжиж байна

Коронавирусийн цар тахал нь дэлхий дахиныг гэрээсээ ажиллахад хүргэснээс гадна цахим платформын тусламжтай зайнаас ажиллах бүрэн боломжтой гэдгийг баталсан. 

Тэгвэл мянганы үеийнхэн ажлын дөрвөн өдөртэй болохыг дэмжиж байгааг саяханы судалгаа харуулжээ. “Kickstarter”, “Bolt”, “Dolby” зэрэг томоохон компаниуд ажлын дөрвөн өдөрт шилжээд байгаа билээ. 

АНУ-ын Сенатын Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, тэтгэврийн хорооны дарга Берни Сандерс Конгресст хандан долоо хоногийн дөрвөн өдөр ажилладаг болохыг уриалаад байна. Гуравдугаар сард эрүүл мэндийн хорооны сонсголын үеэр тэрээр хууль тогтоогчдод хандан "Америкууд бусад чинээлэг үндэстний хүмүүсээс илүү олон цагаар ажилладаг. 2022 онд АНУ-ын ажилчид энэ талаар мэдэж байгаа байх гэж бодож байна. Америкууд Япон дахь ажилчдаас жилд 204 цагаар илүү, Их Британи дахь ажилчдаас 279 цагаар илүү  ажиллаж байна” гэжээ.

Саяхан “Redfield” болон “Wilton Strategies”-ийн хамтран явуулсан санал асуулгаар мянганыхан /1981-1996/ долоо хоног тутмын ажлын цагаа багасгахыг илүүд үздэг болохыг тогтоожээ. Дөрөвдүгээр сарын 6-7-ны хооронд АНУ-ын сонгуулийн насны 4000 иргэний дунд явуулсан санал асуулгаар 63 хувь нь ажлын дөрвөн өдөрт шилжихийг дэмжжээ. Мянганыхны ердөө найман хувь нь энэ санааг эсэргүүцсэн байна. 1964 онд төрсөн болон түүнээс өмнө төрсөн хүмүүсийн 50 хувь нь долоо хоногийн дөрвөн өдөр ажиллахыг дэмжиж байгаа бол бараг гуравны нэг нь энэ санааг дэмжихгүй, эсэргүүцэхгүй гэжээ.

Эх сурвалж: News week

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)