Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон ч Х.Бадамсүрэн "онцгой" эрх эдэлж, 5 тэрбум төгрөг өөртөө зарцуулжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т 2019 оноос Онцгой дэглэм тогтоож, хэмнэлтийн горимоор ажиллаж эхэлсэн гэдэг ч 2019–2020 онд нийт 11.6 тэрбум төгрөгийг автомашин худалдан авахад зарцуулсан байна. Тухайлбал, үйлдвэр 2019 онд 353 сая төгрөгөөр “Лексус 570” автомашин худалдан авсныг олон хүн шүүмжилсээр байтал 2020 онд дахин “Мөнххада” ХХК-аас шууд гэрээгээр 492 сая төгрөгөөр “Prado” автомашин, дахин тендер шалгаруулж, 440 сая төгрөгийн үнэтэй “Лексус”-ыг “Багандант” компаниас авчээ. Цоо шинээр нь авсан эдгээр автомашины нэгийг үйлдвэрийн ерөнхий инженер унадаг аж. “Нээлттэй нийгэм форум” ТББ, олон улсын “Open extractives” төслийн дэмжлэгтэй Монголын дата клубын хэрэгжүүлсэн “ТӨК-ийн өгөгдөлд нэвтрэхүй” төслийн хүрээнд сэтгүүлчид төрийн нээлттэй мэдээллийг ашиглан “ Эрдэнэт үйлдвэр”-ийн Онцгой дэглэмийн үед хийсэн онц ач холбогдолгүй худалдан авалтуудыг онцлон мэдээлэл бэлтгэсэн байна.

Сэтгүүлчдийн мэдээлэлд дурдагдсан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнгийн төрийн мөнгөөр эдэлсэн онцгой тансаг хэрэглээний талаарх тоо баримтууд нь анхаарал татна.  Тухайлбал, Х.Бадамсүрэн онцгой дэглэмийн үед хийсэн худалдан авалт нь 5 тэрбум төгрөгт хүрчээ. Зайсангийн Jardan хотхонд 3 тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авсан. Канадад сурдаг охиныхоо төлбөр болох 102 сая төгрөгийг үйлдвэрээс гаргуулсан,  52 сая төгрөгөөр массажны сандал, 20 сая төгрөгөөр унадаг дугуй авсан байна. Сардаа 25 сая төгрөгийн цалин авдаг Х.Бадамсүрэн захиралд 2020 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шийдвэр гарган 1,2 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)