АНУ, БНХАУ-ын төлөөлөгчдийн хоёр өдрийн хэлэлцээ өндөрлөлөө

АНУ БНХАУ-тай “томоохон асуудлуудын талаар” санал солилцлоо гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёр өдрийн хэлэлцээний дараа мэдэгдэв. АНУ-ын шинэ засаг захиргааны төлөөлөгчид БНХАУ-ын талтай анх удаа биечлэн уулзсан нь энэ юм.

“Бид Шинжаан, Хонконг, Төвөд, Тайваньтай холбоотой асуудлууд болон БНХАУ-ын цахим орчинд явуулж буй ажиллагаа зэрэг олон талбарт санал зөрөлдөөнтэй байгаа бөгөөд энэ талаар санал бодлоо хуваалцахыг хүссэн. Эдгээр асуудлыг дэвшүүлэн ярихад өөрсдийгөө зөвтгөсөн хариулт өгсөн нь гайхах зүйл биш юм” гэж Э.Блинкен мэдэгджээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэлцээ эхлэхээс хэдэн цагийн өмнө энэ талаар тодорхой мэдэгдэл хийжээ. Тодруулбал, “БНХАУ улсынхаа бүрэн эрхт, аюулгүй байдал, үндсэн ашиг сонирхолтой холбоотой асуудлуудаар харилцан буулт хийх боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Коммунист намын Гадаад хэргийн асуудал хариуцсан комиссын дарга Ян Жечи, Гадаад хэргийн сайд Ван И нараар ахлуулсан БНХАУ-ын төлөөлөгчид баасан гарагт мэдэгдэл хийхгүйгээр хэлэлцээг орхин явжээ.

Гэвч Э.Блинкений мэдээлснээр, талууд санал зөрөлдсөн хэдий ч Иран, БНАСАУ, Афганистан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг ижил ашиг сонирхол бүхий сэдвүүдээр “тун илэн далангүй” хэлэлцээ өрнүүлжээ.

“Бид өргөн хүрээний асуудлуудаар шууд хийгээд хүндхэн хэлэлцээг хийх төлөвтэй байсан. Яг л ийм хэлэлцээ боллоо” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдсэн байна.

Пүрэв гарагт хоёр талын яриа хэлэлцээ эхлэх үеэс хоёр орны төлөөлөгчид харилцан бие биеэ шүүмжилсэн үгсийг хэлжээ. Тухайлбал, Э.Блинкен, БНХАУ-ын Шинжаан, Хонконг, Тайваньд явуулж буй ажиллагаа, цахим халдлага, эдийн засгийн шахалт нь дэлхий нийтийн тогтвортой байдлыг хангах дэг журамд аюул учруулж байна гэжээ.

Үүний хариуд Ян Жечи, өөрсдөө хүртэл асуудалтай байгаа ардчиллынхаа хувилбарыг бусад оронд бусад улсад хүчээр тулгаж байна хэмээн АНУ-ыг буруутгажээ. “АНУ өөрсдийн дүр төрхийг өөрчилж, өөрсдийн ардчиллаа дэлхийн бусад оронд тогтоохыг эрмэлзэхээ зогсоох нь зүйтэй гэж бид үзэж байна. Үнэндээ Америкийн олон иргэн улсынхаа ардчилалд сэтгэл дундуур байдаг” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Харин Э.Блинкен Япон, БНСУ-ын эрх баригчид Ж.Байдены засаг захиргааны талаар өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлснийг хариу мэдэгджээ. Тэрбээр энэхүү уулзалтаас өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины хамтаар Япон, БНСУ-д айлчилсан юм.

БНХАУ-ын төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлэл өгөхгүйгээр зочид буудлыг орхин явсан хэдий ч Ян Жечи хожим нь Хятадын “CGTN” сувагт, хоёр талын хэлэлцээ бүтээлч хийгээд үр өгөөжтэй болсон боловч санал зөрөлдөөн байсныг тэмдэглэн хэлжээ. Мөн БНХАУ үндэсний бүрэн эрхт, аюулгүй байдлыг тууштай хамгаална гэдгийг онцлон хэлсэн байна. 

Эх сурвалж: АНКОРИЖ. /VOA/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)