"Цаатан фестиваль-2026" өв соёлын наадам 7 дугаар сарын 6-7-нд болно
Хөвсгөл нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн өвөрмөц ахуй соёл, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно.

Тус фестивалийг энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулах бөгөөд Монголын хоймор нутагт эртний уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн аж амьдрал, соёл, ёс заншил, мөн дархад, цаатан бөөгийн уламжлалт зан үйлийг дотоод, гадаадын жуулчдад сурталчлан таниулах зорилготой. Түүнчлэн орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой.
Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн уламжлалт ахуй амьдралтай танилцах, цаатай дурсгалын зураг авахуулах, үндэсний өв соёлыг харуулсан тоглолт, үзүүлбэрүүдийг үзэх зэрэг хөтөлбөрийг олон нийтэд толилуулна. Түүнчлэн Хөвсгөл нуурын эрэгт аялан амарч буй жуулчид цаатан иргэдийн өвөрмөц соёл, уламжлалтай ойроос танилцаж, үндэсний өв соёлыг сурталчилсан тоглолт, үзүүлбэрүүдийг үзэх боломжтойг зохион байгуулагчид онцолж байна.
Хөвсгөл аймагт Монгол Улсын зургаа дахь хошуу мал болох цаа сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна.






