Орос, Монголын эрдэмтэд буддын шашны Олон улсын III форумд оролцлоо

Өнгөрсөн сард ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотод Оросын Буддын Шашны Их Сургууль албан ёсоор үүдээ нээсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл өдгөө ОХУ гэлтгүй барууны орнуудад бурхны шашины үзэл номлол, гүн ухаан, сургаалыг дотоод сэтгэл, ухамсар, амьдрал ахуйдаа тусгаж, дагаж амьдрах хүмүүс хүрээгээ тэлсээр байна. 

Орос дахь буддизм нь зүгээр нэг шашны урсгал бус харин Сибирь болон Алс Дорнодын соёлын чухал хэсэг болон хөгжсөөр байгаа юм. Тухайлбал, Халимаг, Буриад, Тува зэрэг бүс нутгуудад олон зуун жилийн уламжлал хадгалагдан үлдэж буддын үнэт зүйлс улс орны олон үндэстэн, олон соёлт орчинтой зохицон оршсоор байна. Өнөөдөр Орос улс дэлхийн буддист нийгэмлэгийн амьдралд улам бүр чухал байр суурь эзэлж байгаа нь тохиолдол бус бөгөөд түүхэн өв, дипломат бодлогод тулгуурласан төлөвлөгөөт үйл ажиллагааны үр дүн юм.

Сүүлийн жилүүдэд Орос оронд олон улсын томоохон буддистуудын  чуулга уулзалт, чухал арга хэмжээнүүд  зохион байгуулагдаж, улс хоорондын шинжлэх ухаан, шашин соёлын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлсээр байна. Энэхүү үйл явдал нь буддист уламжлалыг хадгалах, шашны нийгэмлэгүүдийн дунд олон чиг урсгал задрал үүсэхээс сэргийлэхэд ОХУ онцгой чухал үүрэг гүйцэтгэж айгааг харуулж буй юм.  

Доктор М. Батаа: Бурхны шашны үзэл баримтлал, гүн ухаан өнөөдрийн тогтворгүй ертөнцөд эерэг нөлөө үзүүлнэ

2025 онд Забайкальд Орос-Монголын эрдэмтэн, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон олон улсын буддистуудын форум зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтаар бурхны шашины уламжлалт зан заншил, соёл уламжлалыг хадгалах болон соёлын өвийг хамгаалах олон талт асуудлуудыг өргөн хүрээтэй хэлэлцлээ. Тухайлбал, Монгол Улсын шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М. Батаагийн хэлснээр, Оросын буддистуудын итгэл үнэмшил, соёл уламжлалын гүн ухаан өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн тогтворгүй ертөнцөд улам бүр чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа.  

Мөн Оросын хэмжээнд хамгийн томоохонд тооцогдох бас нэгэн чухал үйл явдал нь Калмыкт зохион байгуулагдсан Буддын шашны III Олон улсын форум болов. Энэхүү уулзалтад Орос, Энэтхэг, Хятад, Монгол болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирсэн буддын сургуулиудын төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсаас АШУҮИС-ийн уламжлалт эмчилгээ, судалгаа шинжилгээний залуу эрдэмтэн судлаачид идэвхтэй оролцож байв.  Мөн бурхны шашин судлаач, эрдэмтэн мэргэд,  дипломат төлөөлөгчид оролцож, “Орчин үеийн ертөнц дэх буддизм: уламжлал ба глобалчлалын сорилтууд” сэдвийн дор илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Дэлхийн буддистууд 2026 онд Тува улсад чуулна

2026 онд Тува улсад зохион байгуулагдах дараагийн том форум дэлхийн буддист нийгэмлэгийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна. Тухайлбал, улс орнуудын геополитикийн асуудалд Орос улс бурхны шашины үзэл баримтлал, сургаал номлол, буддын шашины философи гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн оюун санаа, сэтгэл зүрхэнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна гэж олон улсын судлаачид үзэж байна.  

Тус чуулганаар буддын шашны соёл, өв уламжлал, ирээдүй чиг хандлагыг хэлэлцэхээс гадна  олон улс хоорондын боловсрол, дижиталчлал, экологи зэрэг тулгамдаж буй асуудлууд, мөн Төвдийн буддизмын хөгжил залгамж халаа, бурхны шашины жинхэнэ философи, арга ухаан, мөн чанарын асуудалд онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна. Үүнээс үүдэн Орос улс дэлхийн улс орнуудын тогтвортой байдлыг дэмжиж, буддистуудын гүн ухаанч үзлийг зөөлөн хүчний бодлогодоо тусгаж байна гэж зарим судлаачид  үзэж байна.

Томоохон буддын хурал чуулгануудыг зохион байгуулж байгаа нь Орос улс буддистуудын бодол сэтгэлгээний төрөл бүрийн салбаруудын уулзалтын газар болох чухал ач холбогдолтойг мөн онцолж байлаа.  Ийм санаачилгууд нь буддын шашны бүх чиглэлийн төлөөлөгчдөд улс хоорондын харилцааг бэхжүүлэх, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, соёл уламжлалын бүрэн бүтэн байдлыг хадгалах, олон улсын хамтын ажиллагаа, сургалт, соёл боловсролын  солилцоог өргөжүүлэх замаар улам бүр өргөжин хөгжих төлөв ажиглагдаж байна. Энэ нь дэлхий дахинд эв нэгдэл, оюун санааны өв соёл, бурхны шашины уламжлалыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй төдийгүй  нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн дүгнэж байв.

“Буддизмын сургаал бол энх тайвны сургаал”

Монгол Улсаас энэхүү форумд Гандантэгчин хийд болон бусад хийдийн лам хуврагууд, ШУА-ийн судлаачид болон их дээд сургуулийн багш, эрдэмтэн мэргэд оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм. Буддист залуучуудын төлөөлөл, судлаач М.Цэдэндамбаас бид форумын талаар асууж сонирхлоо.

 Тэрээр “Би энэ жил анх удаа Буриад улсад Олон улсын Буддын  шашны  форумд хувиараа ирж оролцож байна. Өнөөдөр орчин үеийн буддизм дэлхий олон улс орны ард түмний амьдралд төдийгүй улс орны хөгжилд нөлөөлж байна. Дэлхийн хүн амын бараг тэн хагас нь буддын шашин шүтэж байна. Энэ ч утгаараа дотоодын нийт бүтээгдэхүүн нь дэлхийн талд хүрч байна. Буддизмын сургаал бол энх тайвны сургаал. Иймд ирээдүйд улс орнууд энх тайван оршин тогтнох гол үндсүүдийн нэг нь буддизмын сургаал байж болох юм.

Энэ удаагийн олон орны эрдэмтэд, лам хуваргууд оролцсон буддын форум: Буддын  боловсрол, буддизм ба ухамсар, дорнын уламжлалт эмнэн засах ухаан өнөөгийн амьдралд, Буддикм ба экологи, аялал жуулчлалын хөгжилд буддын  шашны соёлын үзүүлэх нөлөө, буддын  шашны уламжлалын үнэ цэн зэрэг олон салбар хуралдаанаар зохион байгуулагдсан нь залуу судлаачдад их хэрэгтэй чухал форум боллоо

Форумын салбар хуралдаанд дэлхийн олон орноос ирсэн эрдэмтэн судлаачид оролцож өөрсдийн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулж, буддизмын хэтийн төлөв, тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдээ хэрхэн даван туулах тухай санал бодлоо солилцож байна. Форумын үйл ажиллагаа орос, англи, хятад, монгол хэлээр синхрон орчуулгатай явагдсан нь залуу судлаачдад давуу талтай байлаа.

Мөн ОХУ-ын Засгийн газар Бурхны шашинтай буриад, тува, халимагийн ард түмнийхээ итгэл бишрэлийг хүндэтгэн үзэж, хийд орныг сэргээх хийгээд буддизмын судалгаа шинжилгээний ажилд тусгай сангийн оролцоотойгоор тусламж дэмжлэг үзүүлдэг юм байна. Энэ их сайшаалтай сайхан үйлс санагдлаа. Одоо Орос улс их сургуулийн түвшинд  дотоодын болон гадаадын олон лам хуврага, судлаачдыг суралцах, буддын шашины соёл боловсролын талаар судалгаа шинжилгээ хийх боломжоор хангаж байгаад талархаж байна” гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.82)