МУБИС-ийн номын сан суут хүмүүсийн бүтээлээр арвижив
Б.ТУУЛ
“Бэлэг бэлгийн дээд ном” гэдэг үг их өргөн утга агуулгатай, жинтэй үг. Ном бэлэглэхэд өгсөн, авсандаа өгөөжтэй сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна номоос олж авсан мэдлэг туршлага хийгээд номын үр өгөөж гэдэг хэмжээлшгүй юм. Ном бол гэртээ хадгалахаас эхлээд цүнх тээшиндээ аваад явах, гартаа бариад явахад ч авсаархан, гар дамжуулаад уншсан ч бусдад үй түмэн мэдлэгийн өгөөжтэй гээд номын ач тусыг бид өгүүлж баршгүй билээ. Энэ л сэдвийн дор өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сан суут хүмүүсийн бүтээлээр арвижин дэлгэрсэн сайхан үйл явдал тохиов.
UNESCO буюу НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарлаж, жил бүр энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Тэр утгаараа жил бүрийн дөрөвдүгээр сар номд шимтсэн, номыг эрхэмлэн дээдэлдэг хэн бүхэнд олон чухал арга хэмжээтэй өрнүүн сар болж өнгөрдөг.
Тэгвэл энэ удаа “Дэлхийн номын өдөр”-ийг угтан А.Солженицыны нэрэмжит Хилийн чанад дахь Оросын соёлын өвийн ордон болон Оросын зохиолч, хэвлэгчдийн холбооноос МУБИС-д Оросын тэргүүлэх хэвлэлийн газруудын номуудыг бэлэглэж, бараг нэг номын сан бүрдэхүйц орос ховор номуудаар сонирхолтой үзэсгэлэнг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, Оросын нэрт зохиолч, сэтгүүлч, эрхлэгч, Оросын зохиолчдын холбооны гишүүн Анна Матвеева, Улаанбаатар хот дахь Оросын Соёл Шинжлэх ухааны төвийн буюу “Русский дом” -ын захирал Валерия Валерьевна Кильпякова, Монгол дахь орос хэл дээрх нээлттэй боловсролын сургуулийн захирал Даяна Борисова болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Монголын талаас МУБИС-ийн эрдэмтэн багш нар, судлаач оюутан залуус болон орос хэлний тэнхимийн багш, оюутнууд оролцсон юм. А.Солженицыны нэрэмжит Хилийн чанад дахь Оросын соёлын өвийн ордон бол олон байгууллагын нэгдэл болсон том байгууллага. Тодруулбал, Москва хотод байрлах музей, архив, номын сан, эрдэм шинжилгээ, судалгааны төв, хэвлэлийн төв болон соёл гэгээрлийн төв зэргээс бүрдсэн цогцолбор томоохон байгууллага юм. Харин Оросын зохиолч, хэвлэгчдийн холбоо нь Оросын зохиолчдын таван эвсэл, холбоог нэгтгэсэн шүхэр байгууллага юм.
Дээрх хоёр байгууллагаас энэ удаа МУБИС-д орос хэл дээр хэвлэгдсэн, түүх соёл шинжлэх ухаан, утга зохиолын ховор номууд, орос хэл дээрх суурь судалгааны бүтээл зэргийг бэлэглэж байгааг Оросын зохиолчдын холбооны гишүүн Анна Матвеева тодотгож байсан юм.
Мөн энэ үеэр МУБИС-ийн эрдэмтэн багш нар дээрх номын садан нөхөд, зохиолчдын холбооны байгууллагуудад талархал илэрхийлээд, “Энэхүү ховор номууд, эрхэм зохиолч судлаачдын үлдээсэн энэ их өв оюутан залуус болон залуу судлаачид багш нарын гарын авлага болж, тэдний шинжлэх ухаанд оруулах хувь нэмэрт том тус болно гэдэгт итгэлтэй байна. Мөн “Нэг номоор мянган хүн сургана” гэдэг орос хэлц бий. Тэр утгаарээ эдгээр ховор номууд МУБИС-ийн оюутан залууст суралцах ур чадварыг нэмэгдүүлэх, боловсролын сургуулийн номын сангийн фондыг нэмэгдүүлэх, мянга мянган оюутан залууст урам зориг нэмэх, ухаан бодол тэлэх гүүр болж гэрэлт ирээдүйн үнэтэй хөрөнгө оруулалт болно” гэдгийг онцлон хэлж байлаа.
Шинэ ном хандивлах, танилцуулах арга хэмжээ энэ өдөр морин хуурын тоглолтоор эхэлсэн бол зохиолчдын лекц, зохиолч, уншигчийн уулзалт, номын үзэсгэлэнгээр үргэлжилж, оюутан залуусын тархи оюуныг баясгасан олон чухал арга хэмжээтэй нэгэн өдрийг үдсэн юм. Оюутан залуусын зүгээс энэ үеэр ирсэн зочдод Оросын зохиолчдын яруу сайхан шүлгүүд, уран бүтээлээс дээжлэн хүргэж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцлаа.
Мөн “Залуус бид уншиж байж л дэлхий ертөнцийг танина. Танихын хэрээр сэтгэлгээ хөгжинө, тархи тэлнэ. Түүнчлэн сайн зохиол бүтээлээс сайн судлаач төрдөг. Тийм болохоор Монгол улсын төв номын сан болоод их, дээд сургуулийн номын санд байхгүй нэн ховор номууд, судалгааны бүтээлээр манай сургуулийн номын сан баяжигдаж байгаад баяртай байна” хэмээн талархлаа илэрхийлэв. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдэд ОХУ-ын утга зохиолын ноён оргилууд гэгддэг А.С.Пушкин, Н.В.Гоголь, Ф.М.Достоевский, Л.Н.Толстой, М.Ю.Лермонтов, И.С.Тургенев, А.П.Чехов зэрэг гарамгай зохиолчдын сонгодог бүтээлүүд, сурах бичиг, судалгааны бүтээлүүд тавигдсан байлаа.
Эх сурвалж: www.News24.mn