Оросууд, Онцгой байдлын аврагчдын хамт харзны усанд оров

Б.Туул

     Христийн шашны хамгийн эртний баяруудын нэг Есүс Христийн загалмайлсан өдөр буюу жил бүрийн нэгдүгээр сарын 19-нд оросууд мөргөл үйлдэж, мөстэй усанд шумбах уламжлалт зан үйлийг хийдэг билээ.

Мөн энэ өдөр Оросын эрс тэс уур амьсгалтай өвлийн улирлын дунд үе буюу нэгдүгээр сарын 19-нд сүсэгтэн олон голын мөстэй ус буюу монголчууд бидний мэдэхээр харзны усанд орж, байгалийн эрчим хүч энергиэр өөрийгөө цэнэглэж, муу хортой бүхнээ биеэсээ гадашлуулж, биеэ ариусгах уламжлалт зан үйлийг хийдэг юм байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийг хүндэтгэн Монгол Улсад суугаа ОХУ-ын  Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн аташе, хошууч генерал Павел Владимирович Петрунин, Хэвлэл олон нийттэй харилцах пресс атташе Татьяна Михайловна Сятчихина болон холбогдох албаны хүмүүс Монголд ажиллаж амьдардаг нутаг нэгтнүүд, христэд итгэгчдийн хамт энэхүү баярыг тэмдэглэж, мөстэй усанд орох уламжлалт зан үйлийг хийлээ.

Уг арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран оролцож, өвлийн мөстэй усанд орох байнгын бэлтгэлээ хийж, иргэдэд мөс цөмрөх аюул, болзошгүй эрсдлээс урьчдилан сэргийлэх, гол усанд осолдохгүй байхыг анхааруулсан юм.

Онцгой байдлын аврагчдын хувьд, өвлийн хүйтэн, зуны халуун гэлтгүй гэнэтийн ослын бэлэн байдалд байнгын бэлтгэлтэй байдаг учир уг арга хэмжээнд аль нэг улс орны шашин соёлын баяр гэлгүй мөстэй усанд орох бэлтгэл хангах байдлаар оролцож буйгаа хэллээ.

Туул голын тохойд өрнөсөн энэхүү үйл явдалд бас харзны усанд жил бүр ордог зарим иргэдийн төлөөлөл сонирхон хүрэлцэн ирсэн байлаа. Мөстэй усанд орох буюу монголчуудын хэлдгээр харзны усанд орохын  давуу тал болон сөрөг талын мэдээллийг холбогдох албаны хүмүүс болон эдгээр иргэдээс бас тодруулсан юм.

Монголын сайхан газар нутагт гүн талархсанаа илэрхийлье

ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе П.В.Путренин:

-Өнөөдөр шашны маш чухал баяр тохиож байна. Эл өдөр Иоанн-загалмайлагч Есүс Христыг Йордан голын усаар угааж, загалмайлсан юм. Харин сүсэгтэн олон бидний хувьд бол харзны усанд биеэ угааж, итгэл үнэмшилдээ үнэнч байна гэдгээ харуулах өдөр юм. Эрт дээр үеэс цэрэг дайчид бүгд шашны энэхүү зан үйлийг үйлддэг байж.

Миний хувьд баярын энэ гэгээн сайхан өдөр харзны усанд ордог болоод их удаж байна. Харин Монголд анх удаагаа орж байна. Монголын үзэсгэлэнт байгаль бидэнд хамгийн сайхан, таатай орчныг бүрдүүлж өглөө. Голын мөс өрөмдөж, цооног гаргах шаардлагагүй, үнэхээр Йордан мөрний эрэг дээр ирсэн мэт сэтгэгдэл төрлөө. Тиймээс Монголын сайхан газар нутагт гүн талархсанаа илэрхийлмээр байна.

Шашин нэгт ахан дүүстэйгээ сэтгэл санаагаараа нэгдээд, сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Миний дотор нэг тийм сайхан, шинэ юм төрсөн мэт сэтгэгдэл төрж байна. Дотроосоо халуун оргиод, эрч хүч дүүрэн байна. Баярлалаа та бүхэнд. 

Мөстэй усанд орох нь аврагчдын байнгын бэлтгэлийн нэг хэсэг

ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай:

-Онцгой байдлын алба хаагчид бол аль ч улс оронд гэнэтийн ослын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж оролцдог. Тэр утгаараа аль ч улс орны шашин соёлын уламжлалт зан үйлийг хүндэтгэж, энэхүү арга хэмжээнд хамтран оролцож байна. Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчдын хувьд бол байнгын бэлэн байдалтай бэлтгэж хангаж байдаг учраас мөстэй усанд орох, харзны усанд орох нь бидний бэлтгэлийн нэгээхэн хэсэг юм. Онцгой байдлын алба хаагчдын хувьд бол жирийн бэлтгэлийн арга хэмжээ гэж ойлгож болно. Тэр утгаараа бэлтгэлээ хийх, аврагчдаа чийрэгжүүлэх үйл явц юм.

Усны температурын хувьд + 2-3 градустай болсон байна. Гол ус хайлмагтсан байна. Тиймээс иргэдийн хувьд, цаг агаар дулаарч буй үед мөс цөмрөх, гол усны аюул ослоос сэрэмжлэх, найдвартай гарам гарцаар явах хэрэгтэй гэдгийг онцгойлон анхааруулья. Уг арга хэмжээнд Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн аврагчдаас бүрдсэн 10 гаруй аврагч оролцож байна.

Иргэн Б.Мөнхжин: Эрүүл мэнд, спорт талаас нь харзны усанд ордог

-Миний хувьд харзны усанд жил бүр ордог. Ингэхдээ мэдээж эрүүл мэнд болоод аюулгүй байдлаа сайтар хангаж ордог. Бие эрүүлждэг, гайхалтай мэдрэмжүүдийг авдаг. Энэ өдөр оросуудыг харзны усанд орох гэж байгааг хэвлэлийн мэдээллээс хараад сонирхож ирсэн. Харзны усанд хамт орно. Гэхдээ шашны гэхээсээ илүү спортын арга хэмжээ гэдэг утгаар нь сонирхож ирсэн.  Магадгүй олон хүнд харзны усанд орох, мөстэй усанд орох ямар байдаг бол. Нэг удаа ороод үзвэл? гэсэн бодол нуугдаж байдаг шүү дээ. 

“Хэрэв та харзны усанд орохоор шийдсэн эрүүл мэнд болоод аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх ёстой. Мөн хүйтэн усанд аажмаар дасан зохицож, гэртээ хүйтэн шүршүүрт орох эсвэл усанд орох, цэвэр агаарт спортоор хичээллэх хэрэгтэй. Үүний дараа орж болно” гэж зөвлөх байна.

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)