ХӨСҮТ: Томуугийн вакциныг зорилтот бүлгийнхэнд үнэ төлбөргүй хийж байна

Б.ТУУЛ

     Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж байгаатай  холбоотойгоор улсын хэмжээнд зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж эхлээд байна. Мөн томуугийн халдвараар аль ч насныхан  өвчилдөг. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд гэлтгүй томчууд хүртэл энэ өвчнөөр өвдөж, өвчлөл хүндрэх тохиолдол байдаг учраас эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубын сэтгүүлчдэд  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан  болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн нар “Томуу томуу төст өвчний нөхцөл байдал, тархвар зүйн онцлог, хариу арга хэмжээ”-ний талаарх сургалтыг хийж, дараах мэдээллийг өгсөн юм.   

Чингэлтэй дүүргийн хувьд томуугийн вакцинд хамрагдалт 73.3 хувьтай байна

-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн:

-Хүйтний улирал эхэлж, томуугийн идэвхжил нэмэгдэхээс өмнө эрүүл мэндийн байгууллагууд холбогдох бэлтгэл ажлуудыг хийдэг. Ингэхдээ иргэдэд томуу томуу төст өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна хүүхдийн байгууллагуудад зориулсан халдвар хамгаалалтыг сайжруулах, дүүргийн эмнэлгүүд тасаг нэгжээ бэлтгэх зэрэг бэлэн байдлаа хангаж ажилладаг. Энэ хүрээнд хийгддэг хамгийн чухал ажлуудын нэг нь иргэдийг томуугийн дархлаажуулалтын вакцинд хамруулах юм.

 Томуу бол вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд хүн амын эрүүл мэнд, амь нас, цаашлаад нийгэмд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг халдварт өвчин. Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг хийж эхлээд байна. Тодруулбал, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65 болон  түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг үнэ төлбөргүй вакцинд хамруулж байна.

Бидэнд ирсэн мэдээллээр, нийслэлийн хэмжээнд 138.400 тун вакцин хуваарилагдсан байна. Үүнээс Чингэлтэй дүүрэгт 12.460 хүн тун вакцинаар дархлаажуулалт хийгдэнэ. Дархлаажуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сарын 15-наас шат шатны байгууллагуудаар дамжуулан хийж байна.

Ингэхдээ бид хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг өгсний үндсэн дээр хүүхдүүдэд хийдэг. Мөн тухайн хүүхэд сургууль цэцэрлэгт хамрагддаг эсэхээс хамааран хүүхдийн байгууллагаар энэ талаарх мэдээллийг мөн дамжуулан өгч, эцэг эхийн зөвшөөрөлийн хуудсанд гарын үсэг зуруулж вакцинжуулж байна. Тиймээс эцэг, эхчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу дархлаажуулалтад хамрагдах нь чухал юм. Томуугийн вакциныг хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн турш дархлаа үргэлжилдэг.

Улсын хэмжээнд томуу томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн  Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан:   

-ДЭМБ-аас жил бүр ханиад, томуугийн тандалт судалгааг хийж, тухайн жилд ямар омгийн вирусээр үүсгэгдсэн ханиад, томуугийн дэгдэлт дэлхийн аль бүс нутагт илүү тархаж болзошгүйг урьдчилан тооцоолдог. Улмаар тэр жилд дэгдэлт гарах магадлалтай вирусийн омгийг оруулсан вакциныг зөвлөдөг. Энэхүү зөвлөмжийн дагуу хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж байгаатай  холбоотойгоор улсын хэмжээнд зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг хийж эхлээд байна. Тодруулбал, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65 болон  түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинд хамруулж байна.

Улирлын томуугийн вакцин нь томуугийн вирүсийн тухайн улиралд зонхилон эргэлдэж буй 3 хүрээний эсрэг дархлаа тогтоодог. Тиймээс томуугийн вакцин нь томуугаар өвдөх, өвдсөн ч өвчлөл хөнгөн тусах, томуугийн халдварыг бусдад тараах үйл явцыг бууруулахад чиглэгддэг учраас  ханиад томуугаас сэргийлэхийн тулд дархлаажуулалтын вакциндаа сайн хамрагдах хэрэгтэй.

Монгол Улсын хувьд, цар тахлын дараах сүүлийн хоёр жил томуу томуу төст өвчний гаралт идэвхжсэн, өвчлөл өндөр явсан. Энэ жилийн хувьд, цар тахлын өмнөх жилтэй ойролцоо түвшинд байх болов уу гэсэн таамаглалтай байна. Өвчлөлийн хувьд бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолдож байгаа боловч хүндрэл эндэгдлийн хувьд 65-аас дээш насныханд элбэг тохиолдож байсан. Тиймээс томуугийн дархлаажуулалтын вакцинд энэ насныхан идэвхтэй хамрагдаж байна.  

Одоогоор улсын хэмжээнд томуу томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Орон нутагт нийт эмнэлэгт хэвтэгсдийн 12,4 нь амьсгалын замын цочмог халдвараар өвдсөн байна. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 0,5 хувь, өмнөх оны мөн үеэс 1,7 хувиар тус тус бага байна. Улаанбаатар хотод нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 21,2 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байна. Өвчлөлийн байдлыг өмнөх долоо хоногтой харьцуулахад 2,6 хувиар бага, өмнөх оны мөн үеэс 2,0 хувиар их байна. Аймгуудын хувьд хүн амын хөдөлгөөн ихтэй, хилийн бүсийн ойролцоох нутгуудад томуугийн вирус идэвхжих хандлагатай байна.

Томуугийн вакцинжуулалтын хувьд, Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт вакжинжуулалт өндөр түвшинд явж байна. Аймгуудын хувьд, Говь Алтай, Дархан Уул, Сэлэнгэ аймаг вакцинжуулалтаа дуусгасан байна.

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)