Найрагч зохиолчдын намрын тухай шүлгүүдээс

Б.Ирмүүн

Орчлон ертөнц алтан шаргал өнгөөр гоёдог намар цагийг зарим нь урлагийн бүтээл мэт  сэтгэл догдлон хүлээж суудаг бол зарим нь харьж яваа улирал хэмээн гуниглангуй угтдаг. Харин зарим нь таван тансаг идээ дэлгэрдэг, хамгийн баян тансаг улирал хэмээн билэгшээж, хурим найрын зар түгээн суудаг.

 Тэгвэл Монголын үе үеийн яруу найрагчид намрын тухай хэрхэн зураглаж, өөрийнхөө дотоод сэтгэлийн өнгө аясийг үгсийн сайхнаар хэрхэн урласныг харья. Бичгийн мэргэд, найрагч зохиолчдын намрын тухай шүлгүүдээс түүвэрлэн хүргэж байна.

 Намрын тухай тэд дандаа уйтгарлан гуниглаж, санаа алдан суусан уу гэвэл үгүй.  Намар цагийн тухай дуу шүлгэнд сэтгэл сэргэж, хөөрч баясам, тийм яруу тансаг дуу шүлэг олонтаа төрж гарсан байдаг. Үүний нэг бол нэрт яруу найрагч, дууны шүлгийн аваргуудын нэг Д.Цэдэвийн “Алтан намар” хэмээх сайхан дуу байдаг билээ. Энэ дууг сонсох бүрт олон хүний сэтгэлийн байгаль эрхгүй сэргэж, залуу нас, оюутан ахуй цаг,  намрын их ажил,  тариан талбай, хадлангийн дэнжид өнгөрүүлсэн дурсамжит өдрүүд нүднээ тодордог билээ.

          Б.Ринчен  Хээр намар

                                    Нүд алдам уудам хээр тал

                                    Хачин чимээгүй шарланхан халиурч

                                    Дэлхийн чимээ болсон царцаахай нам гүм,

                                    Дээр тэнгэрт л тогоруу дуугарнам.

                                    Алтан дэлхийн гандсан шар мандлаас

                                    Аятайхан хачин сонин үнэр ханхлан

                                    Хиргис хүүр дээх хүн чулууны духнаас

                                    Хөлс гоожсон шиг хяруу хайланхан барзайнам.

Caption

 

Б.Явуухулан

Нүүдэлчний намар

Нарс найгаа л

Навчис хийсээ л

Уулын оройд будан суугаа л

Шувуу буцаа л

Хяруу унаа л

Өвсөн толгойд цан буугаа л

Тал шарлаа л

Мал холхио л

 

Сэтгэл гэнэт догдлоо л

Салхи сэвээ л

Өрх дэвээ л

Өлөн шороо тэнгэрт босоо л

Айлууд нүүгээ л

Амрагууд холдоо л

Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж

 

Б.Лхагвасүрэн Хуримын зар

Гүүний сүүл хөл дундуураа уруудсан намрын өдөр

Гил хар нүдэн чиний хуримын зарыг олны салхинаас сонслоо

Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан худгийн асгарт хэллээ

Уулзаж учирч байсан намхан толгоддоо дуулгалаа

Найран дээр нь очлоо

Унага тамгалсан найртай давхацсан хурим

Уул доргиосон нижгэр боллоо

Их хөлтөй найрнаас сэтгэл салган гарвал

Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ

Энтээ уулын хярд, азын цолмон өеөджээ

Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин

Хаданд цав суутал тас тас инээнэ

Эрхэлж унасан намрын мананг яран

"Эр бор харцага" сэрчигнэнхэн замхарна

Уг нь би тэднийд агсам тавья гэж очсон юм

Ухаант ардын дуунд хүлээтэй байгаад чадсангүй

Caption

А.Эрдэнэ-Очир  

    Тунгалаг гунигийн улирал

Сэтгэлийн дотор зөөлхөн хөндүүр байх

Сэрэл мэдрэмж өгч, аглагшин зовохын сайхныг ээ

Сэрүүхэн намраар холын ууланд бодол минь оччихоод

Сэмхэнээр намайг дуудан жаргаахын амгаланг ээ

Амьдрал дандаа гялбаа цахиж, тэнгэр дуугарч байвч

Аядуу зөөлөн үүрсэх нь л цээжний гүнд анир цочооно

Алс хол, мянган жилийн цаадах бургас шуугихыг

Аньсага цавчихын зуур олж сонсох зүүд шигээ

Бүрэнхийд бүсгүй хүн инээх нь одод сэрвэгнэх шиг болоод

Бүлээхэн тунгалаг аялгуу цээжинд урсахад залгилнам аа

Бүдэг саран цэнхэр сарнаас илүү энхрийлэлтэйг мэдээд

Бүүр түүрхэн санаашрал төрөх нь урьдын явдлын гунихрал аа

 

Г.Аюурзана    Миний мэдэх намар

…Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч

Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ

Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт

Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж

Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна

Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт

Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна

Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг

Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг

Яг далайн давлагаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчихэж

Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм

 

Д.Цэдэв    Алтан намар

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй

Уудам бэлчээрт шуугин татрахгүй

Алтан намар он жил улиран дуурсгалтай

Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

 

Ай даа намар цаг

Алтан сайхан цаг

Ай даа намар цаг

Амьдрал тэтгэх цаг

 

Бодол хүслийн жигүүр цуцахгүй

Борхон зүрхний хайр дундрахгүй

Алтан намар эсэн энхийн ерөөлтэй

Аясын салхийг дагаад хийсчихгүй нь сайхан

Ай даа намар цаг

Алтан сайхан цаг

Ай даа намар цаг

Амьдрал тэтгэх цаг

Ижилдсэн нөхдөө мартахын аргагүй

Эгшиг дуугаа таслах учиргүй

Алтан намар аялгуу айзмын уянгатай

Алслах нарыг дагаад буцчихгүй нь сайхан

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)