Л.Галбаатар: УИХ болон Цэц Үндсэн хуульт ёсыг уландаа гишгэлээ

Э.Ариунсанаа

 УИХ-аас  энэ сарын 25-нд  Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь олон нийтийн дунд багаггүй шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Энэ тухай  хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.

-УИХ хоёр хоногийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хамгийн сүүлд 2019 онд ард нийтийн санал асуулга явуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэж ойр ойрхон Үндсэн хуульд хүрэх нь зөв үү. Таны байр суурийг сонсъё?

-Энэ асуудал нь олон нийтийн дунд багаггүй шүүмжлэлийг дагуулаад байна.  Учир нь Үндсэн хууль бол ердийн хууль биш. Энэ бол нийгмийн гэрээ, эх хууль юм. Гол зорилго нь төрийн үйл ажиллагааг зохицуулах, төрийн эрх мэдлийг зөв хуваарилах, ард нийтийн үндсэн эрх, эрх чөлөөг хангадаг суурь хууль юм.

“Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” гэж Чимид багш хэлсэн байдаг. Монгол Улсын бүх үнэт зүйл, тусгаар тогтнол, амин чухал асуудлыг Үндсэн хууль хэмээх тэр баримт бичигт шингээсэн байдаг. Үндсэн хууль ойр ойрхон, байнга өөрчлөгдөх нь нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах сөрөг үр дагавартай байдаг.

-Цэц болон УИХ-аас гаргасан шийдвэрийг та юу гэж дүгнэж байна вэ?

-УИХ болон Үндсэн хуулийн Цэцээс 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг буруу гэдэг байдлаар шийдвэр гаргачихлаа.  Цэцээс УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн Засгийн газрын гишүүн байж болно  гэдэг заалтыг Үндсэн хуульд  нийцэхгүй байна гэж шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр байдаг. Өөрөөр хэлбэл, нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль  мөн.

Цэц нь  УИХ-аас баталж буй хуулиуд  Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага болохоос Үндсэн хуулийн доторх зүйл заалт, хэм хэмжээг хянах эрх  байхгүй.  Үндсэн хуулийн үг үсэг, цэг таслалыг хамгаалах ёстой болохоос өөр рүү нь халдах ёстой байгууллага биш.

 Гэтэл Цэц үүнийгээ умартаад, маш буруу шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль бий.  Үндсэн хууль өөрөө ард түмэн, нийгэмд ач холбогдол өндөр учраас түүний нэг цэг, таслалыг өөрчлөхөд заавал ард түмний дунд олон  нийтийн санал асуулга явуулж,  дэмжлэгийг  авч байж цаашаа явах ёстой.  Гэтэл ямар төсөл гэдгийг мэдээгүй байхад нэг өдрийн дотор өөрчилчихлөө. Ямар шалтгаанаар гэдэг нь хамаагүй. УИХ шууд нэг өдрийн дотор ард түмэндээ мэдэгдэлгүй өөрчилж байна гэдэг бол Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчим алдагдаж байна гэсэн үг.

Цэц болон УИХ аль аль нь Үндсэн Хуульт ёсыг уландаа гишгэлээ гэж үзэж байна. Дахиад энэ маягаар Үндсэн хуульд  халдаж, өдөрт нэг зүйл заалтыг нь өөрчлөөд байвал 70 хоногийн дараа  бид үндсэн хуульгүй болчих юм биш биз дээ. Хуульч, судлаач хүний зүгээс үүнийг маш том алдаа гаргасан гэж үзэж байна.

Энэ алдаагаа засаасай гэсэн хүсэлтэй байна. Ер нь хуульчийн үүднээс харахад эрх зүйн онол, хууль дээдлэх зарчим зэрэг бүгд үгүйсгэгдэж байгаад харамсаж байна.

-Саяхан "Глоб Интернэшнл төв" ТББ-аас мэдээллийн ил тод байдал гэсэн сэдвээр хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ талаарх мэдээллээ товчхон танилцуулаач?  

-“Глоб интернэшл төв”-өөс “Нээлттэй нийгэм форум”-ын санхүүжилтээр “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар мониторинг, судалгаа явуулсан. Энэ хууль нь “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг хүчингүй болгож, түүнийг шинэчилсэн найруулга хэлбэрээр 2021 оны арванхоёрдугаар 12 сард батлагдаад, энэ оны тавдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг судалгааны хүрээнд Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Орхон нийт дөрвөн аймаг, нийслэлээс Сонгинохайрхан дүүргийг сонгож, мониторинг хийсэн.

-Судалгааны үр дүн ямар гарсан бэ?

-Шинэ хуулиар 60 гаруй төрлийн мэдээллийг ил болгох ёстой гээд зааж өгсөн. Мөн мэдээлэл өгөх үүрэгтэй таван төрлийн  байгууллага гэж шинэ ойлголт гарч ирсэн. Үүнд төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, намууд, төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг ТББ-ууд орж байгаа. Эдгээр байгууллагуудын мэдээллийг ил тод болгосон байдлыг судалсан.

Судалгааны үр дүн маш хангалтгүй гарсан. Жишээ нь, СХД-ээс  Газрын албыг сонгосон ба ил болгох мэдээллээс долоон хувийг ил болгосон, МҮОНРТ 4.5 хувьтайгаар  мэдээллээ ил болгосон зэрэг маш таруу үнэлгээ гарч ирсэн. Ерөнхий дунджийг харахад 43.4 хувьтай мэдээллээ ил болгосон байгаа. Өөрөөр хэлбэл тавдугаар сараас эхэлсэн хуулийн хэрэгжилт 50 хувьд  ч  хүрэхгүй, хангалтгүй байна гэсэн үг. 

Мөн иргэд мэдээлэл авах хүсэлт гаргахад 30.4 хувьд  нь буюу гурван хүсэлт тутмын нэгд мэдээлэл өгсөн байна.

-Энэ хуулийн хэрэгжилт яагаад ийм тааруу гарсан юм бол?

-Нэгдүгээрт, уг хуулийг дагаад Засгийн газар 17 хэм хэмжээ батлах ёстойгоос наймыг нь л баталсан байна. Өмнөх 2011 оны хуулийн хэрэгжилт мөн муу байсан нэг шалтгаан нь хуулийн хэрэгжилтийг хянадаг, нэгдсэн байдлаар хариуцдаг тодорхой эзэн байгаагүй.

Шинэ хуулиар энэ дутагдлыг нөхөж, хуулийн хэрэгжилтийг хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллахаар болсон боловч одоог хүртэл энэ гол  журмыг батлаагүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, ЦХХ-ны сайд нь хамтран батлах байсан бөгөөд хуулийн хэрэгжилтийн хойноос хөөцөлдөх, хэрэгжилтэд нь хяналт тавих, үнэлгээ хийх  эзэнгүй байна. Хоёрдугаарт, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хангагдаагүй байна. Хэдий тавдугаар сараас мөрдөгдөж байгаа ч өмнөх оны 12 сард хууль батлагдаж,  хуулийг таниулах, бэлтгэл хангах хугацаа хангалттай  байсан.

-Засгийн газраас өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийг эсэргүүцэж байгаа гэсэн. Тухайлбал, ямар төслийг эсэргүүцэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, Засгийн газраас энэ оны тавдугаар сард Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Төсөлд доромжлох гэмт хэргийг шинээр эрүүгийн хуульд оруулахаар тусгасныг эсэргүүцэж байгаа.  Хоёрдугаарт, Холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг мөн эсэргүүцэж байна.

-Доромжлох гэмт хэргийг шинээр эрүүгийн хуульд оруулахыг яагаад эсэргүүцэж байгаа юм бол?

-Учир нь хүнийг доромжилсон үйлдэлд хариуцлага хүлээлгэх асуудал нь өөрөө эрүүгийн хуульд байх ёстой юу, өөр хуульд байх ёстой юу гэсэн асуудал байгаа. Эрүүгийн хуульд биш, иргэний хуульд байх хэрэгтэй гэдгийг олон улсын хүний эрхийн байгууллагууд болон дотоодын байгууллагууд хэлээд байгаа. Доромжлох гэдэг үйлдлийн цаана хүний алдар, нэр хүндэд халдаж байдаг. Гэтэл хүний нэр төр, алдар хүнд гэдэг хүн болгонд өөр өөр байдаг бөгөөд яаж ч тайлбарлаж болдог.

Нэг талаас доромжилсон гэж нотлох, нөгөө талаас доромжлоогүй гэж нотлох боломжтой. Хоёр тал тэгш эрхтэй оролцож, Иргэний хэргийн шүүхээр асуудлыг шийдвэрлэх боломжтой. Нөгөө талаас хөндлөнгийн буюу мөрдөгчийн үүднээс доромжлох гэмт хэргийг нотлох нь төвөгтэй, бүрэн нотлогдохгүй байх эрсдэлтэй. Тодруулбал, доромжилсон гэх этгээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан бол яах вэ? Ерөнхий статистик мэдээллээс харж байхад доромжлуулсан гэх этгээд нь дандаа улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан байдаг. Үндсэндээ шүүмжлэлтэй дуу хоолойг доромжлох гэмт хэргээр шалгуулж, нөгөө хүнийг нухчин дардаг практик харагддаг. Энэ аргыг улам хууль ёсны болгох гээд байна гэж  харж байгаа тул эсэргүүцэж байгаа. Засгийн газрын хувьд Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулах гэж байгаа зүйл заалтаа буцаад татах хэрэгтэй. УИХ ч бас энэ хэсгийг хэлэлцэхгүй, буцаах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Энэ төрлийн маргааныг шүүх хэрхэн шийддэг юм бэ?

-Өмнө нь 2002 оны Эрүүгийн хуульд доромжлох, гүтгэх гэмт хэрэг заасан байсан ч 2015 онд эрүүгийн хуулиас хассан. Учир нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс доромжлох, гүтгэх  хэргийг Эрүүгийн хуульд оруулж болохгүй гэсэн зөвлөмж хүргүүлээд түүний дагуу эрүүгийн хуулиас хассан. Одоо болохоор Эрүүгийн хуульд нь буцаад нэмье гэсэн хуулийн төсөл явж байна.

Мөн 2015 онд Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 21 дэх хэсэгт “Гүтгэх” гэдэг заалт оруулсан. Гарчиг нь гүтгэх гэдэг зүйл боловч, доторх зохицуулалт нь өөрөө гүтгэх, доромжлох аль алийг нь оруулсан шинжтэй байсан. Энэ зөрчилд цагдаа иргэнийг хоёр сая төгрөгөөр торгож  байсан бөгөөд олон хүнийг торгосон. Хууль хэрэгжээд гурван сарын хугацаанд 98 сая төгрөгөөр торгосон байдаг.  Ихэнхи тохиолдолд давж заалдаагүй бөгөөд давж заалдсан тохиолдлуудын гуравны хоёр нь амжилттай байсан. Өөрөөр хэлбэл гурван торгосон шийтгэл тутмын нэг нь л үнэн, бодитой байсан. Хоёр нь үндэслэлгүй байсан гэсэн үг.  

Мөн л НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, олон улсын хүний эрхийн байгууллагаас зөвлөмж хүргүүлээд 2020 онд Зөрчлийн хуулиас тус заалтыг хассан. Яг хассан өдрөө буюу 2020 оны нэгдүгээр сард  Эрүүгийн хуульд худал мэдээлэл тараах гэмт хэрэг гэсэн шинэ заалтыг нэмсэн. Дахин  худал мэдээлэл тараах замаар бусдыг доромжлох, гүтгэх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Энэ заалтаар мөн  олон хүнийг шийтгүүлсэн байдаг.

Жишээ нь сошиал орчинд нэг мэдээлийг гаргахад холбогдогч талууд үнэн бодит мэдээллээ өгөөгүй тул нөгөө хүн таамаглаж бичнэ. Үнэн бодит мэдээллийг өгсөөр байдал зориуд худал мэдээлэл тараагаад байна уу, эсвэл мэдээлэл нь байхгүй тул таамаглаж бичээд байна уу гэдгийг огт ялгаж салгахгүйгээр шийтгэсэн кейс хэд хэд байгаа. Энэ нь эргээд хүмүүс цахим орчинд чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлэх эрхэд халдах эрсдэлтэй байгаа юм.

-Тэгвэл нөгөө төслийг нь яагаад эсэргүүцэж байгаа юм бэ?

-Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хууль нь өөрөө ТББ-ын тухай хуулийг хүчингүй болгоод, оронд нь шинээр батлагдах гэж байгаа төсөл. ТББ-ын тухай хууль нь Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсан хууль. Шинээр өргөн барьсан төслийн зохицуулалтын  агуулга нь  эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах үр дагавартай байна гэж шүүмжилж байгаа. Хуулийн төслийн гол зорилго нь нэгдүгээрт, тайлан, санхүүгээ гаргадаггүй олон ТББ-ыг ил тод болгох. Хоёрдугаарт, ТББ-ын халхавчаар мөнгө угаах гэмт хэрэг явагдаж байх магадлалтай гэж үзэж Засгийн газар  боловсруулсан байгаа юм. Гэхдээ зохицуулалт нь өөрөө зорилготойгоо нийцэхгүй. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх, өөрсдөө сайн дураараа олон нийтийн байгууллага байгуулах эрхийг хязгаарлах үр дагавартай байна.

Иргэний нийгмийн байгууллага буюу ТББ нь үндсэндээ төрд хяналт тавих чиг үүрэгтэй  ажилладаг. Өөрт нь хяналт тавих үүрэгтэй иргэний нийгмийн байгууллагуудыг төр хянах агуулгаар зохицуулалт орсон байна. Тухайлбал, иргэний нийгмийг дэмжих зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална. Зөвлөл нь ТББ-ын үйл ажиллагаанд хяналт тавих өндөр эрх хэмжээтэй байгууллага байхаар төсөлд тусгагдсан. Өөрөөр хэлбэл иргэний нийгэм нилээн хумигдах, иргэдийн эвлэлдэн нэгдэхийн баталгаа алдагдах үр дагавартай байгаа учраас Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг буцааж татаасай гэдэг байр суурьтай байгаа. Энэ хуулийн төсөл ТББ-ын эрх зүйн байдлыг улам дордуулах сөрөг үр дагавартай байгаа юм.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.62.124)