Барилгын компаниуд хохирогчдоо хөсөр хаядаг, цалингаа тавьдаггүй гэжээ

-Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын төсөв хангалтгүй байна-

Б.ТУУЛ

Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, барилгын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа билээ. Гэвч сүүлийн жилүүдэд барилгын салбарт үйлдвэрлэлийн осол гэмтэл олон удаа гарч, эрдэнэт хүний амь нас эрсдэх, хөдөлмөрийн чадвараа алдах, тахир дутуу болох зэрэг хар бараан мэдээллүүд, тоон мэдээлэл, хохирогч иргэд, хохирогчдын гэр бүлийн гомдол  жирийн үзэгдэл мэт хөвөрсөөр удаж байна.

     Барилгын салбарт гарч буй ослын шалтгааныг авч үзвэл нийт ослын 60 орчим хувь нь өргөх, эөөх тоног төхөөрөмжийн бүрэн бус ажиллагаа, уналт нуралтаас, 20 гаруй хувь нь хаалт, хамгаалалт хангалтгүйгээс, 20 хувь нь аюулгуй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан гэсэн хүчин зүйлээс хамаарч байна.

Энэ нь барилгын салбарын ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хаалт хамгаалалтыг хангалтгүй хийдэг, өргөх, эөөх механизмын бүрэн бүтэн байдлыг хянадаггүй, сургалтанд хамрагдаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, барилгын ажилчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж заншаагүй, анхаарал болгоомжгүй, хэнэггүй, хайхрамжгүй байдлаар ажилдаа ханддаг зэрэг нь осол гарахад нөлөөлж байна. Иймд жил бүр яриад өнгөрдөг энэ сэдвийг бодит амьдрал дээр ажил хэрэг болгохоор Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо ТББ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ хамтран барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, бизнес эрхлэгчид, ажил олгогчдыг оролцуулан “Барилгын салбарт хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 12 сарын 8-ны өдөр Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд зохион байгуулаад байна.  

Энэ удаагийн хэлэлцүүлэг Ковид-19-ийн халдвар, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан танхимаар болон цахимаар хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж,  хот, хөдөөгөөс, холын аймгуудаас Хөвсгөл, Өвөрхангай аймгаас холбогдох албаны хүмүүс оролцож, санал бодлоо солилцож буйгаараа  онцлог юм. Уг хэлэлцүүлэг “Хөдөлмөрлөх эрхийн ЯМАР зөрчлүүд энэ салбарт гарч байна вэ” сэдвийн дор өрнөж, ажилчид ажил олгогчид санал бодлоо хэлэлцсэн юм.

МХЕГ: Барилгын салбарт хөдөлмөр хамгааллын журам хангагдаагүй

      Урин дулааны цагт барилга байгууламж, уул уурхайн салбарт хамгийн их зөрчил бүртгэгддэг гэдгийг МХЕГ-ын улсын байцаагчид хэлж байна. Барилгын салбарт гарч буй осол гэмтэл, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж буй нь хамгийн түрүүнд иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байгаатай холбоотой. Хөдөлмөр хамгааллын журам хангагдаагүйгээс хүн эрүүл мэнд амь насаараа хохирох, ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа түүртдэг ч юм уу хайрхамжгүй хандахаас болж, үйлдвэрлэлийн осол гэмтэл их гардаг,  журам зөрчигддөг гэдгийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын төлөөлөл хэлж байлаа. Мөн тэд “ХАБ-ын инженерүүд өглөө болгон зааварчилгаа өгдөг боловч ажилчид тус зааварчилгааг дагаж мөрдөж байна уу гэдгийг эргээд хянах хяналт нь сул байдаг. Үүнээс болж энэ төрлийн хэрэг буурахгүй байна.

"Манай улсад хөдөлмөр аюулгүй байдлыг норм, дүрмийнх нь дагуу чанга баримталж ажиллаж байгаа барилгын компани, үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгж цөөн гээд хэлчихэд буруутахгүй” гэдгийг онцгойлон анхааруулж байсан юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон байна.  Аж ахуйн нэгж, байгууллагууд барилга болоод үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх буюу хөдөлмөрийн аюулгүй ажлыг хангахтай холбоотой урьдчилан сэргийлэх ажилд нийт төсвийнхөө 1.5 хувийг зориулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас осол гэмтэл гарч, хүний амь нас эрсдэх тохиолдол гарсаар байна гэв.

Барилгын компаниуд цалингаа өгөхгүй, зугтах бултах нь хэвийн үзэгдэл болжээ

Хэлэлцүүлэгт оролцож буй ажил олгогчид, барилгын салбарт ажиллагсдын төлөөлөл, хэлэлцэж буй асуудлаас харахад, барилгын салбарт нийтлэг гэж хэлж болохоор дараах зөрчил дутагдал ихээр гардаг байна. Тухайлбал, "Барилгын салбарт-Хөдөлмөрлөх эрх"-ийн төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнгээс үзэхэд, барилгын салбарт ажиллагсад үйлдвэрийн осол, гэмтэлд их өртдөг бөгөөд 2016-2019 оны байдлаар барилгын салбарт осол гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол нийт 91  байгаа бол нас баралт 26  буюу 28,57 хув нь амь насаа алдсан байгаа нь өндөр эрсдэлтэй байна.

Барилгын салбарт ажиллагсад цалин хөлсөө авч чаддаггүй, ажлын ачаалал болон нийгмийн баталгаа тэр бүр байдаггүй талаар иргэдийн гомдол бухимдал их байдаг ч энэ талаар судлагдсан баримт, мэдээлэл дутмаг байна.

МЭХДХ-нд 2020 онд ирсэн гомдлоос харахад цалингаа хугацаанд нь өгдөггүй, ямар нэг гэрээ бичгээр байгуулдаггүй, цалин хөлс огт өгөөгүйн улмаас ажиллагсад хохирох тохиолдол их байгаа нь судалгаагаанаас харагдаж байна.  

Барилгын салбарт гарч буй нийтлэг зөрчил дутагдлууд

2021 оны 1-р улирлын байдлаар Монгол улсын хэмжээнд осол гэмтэл, гадны шалтгаант 29437 шинэ тохиолдол бүртгэгдэж, үүнээс 564 тохиолдол нь нас баралтаар төгссөн байна. Барилгын салбарт ажиллаж байгаад гэмтсэн иргэдийн дийлэнх нь 20-25, 30-34 насныхан ажлын байран дээрээ гэмтэж бэртэх нь их байдаг гэдгийг ГССҮТ-ийн судалгаанд бас дурьджээ. Барилгын салбарт гарч буй нийтлэг зөрчил дутагдлуудыг дараах байдлаар тоймлон авч үзвэл...

-Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид ньбарилга угсралтын ажлыг барилгын тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус, хэсэг бүлэг хүмүүсийн байгуулсан бригадын ахлагч болох хувь иргэдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээндээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудлыг тухайн иргэдийг өөрсдийг нь хариуцахаар тусган ажиллуулдаг.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан ажиллуулдаггүй, уг асуудлыг барилгын талбайн инженерт хариуцуулж ажлыг цалгардуулдаг.

 -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг хуулинд заасан хувь хэмжээгээр төсөвлөж, зориулалтын дагуу зарцуулдаггүй. 

-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажиллуулаагүй, осол гарсан дариуд холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлдэггүйгээс ослын шалтгаан нөхцлийг судлаж тогтоох ажилд хүндрэл учруулдаг, осолд орсон ажилтны хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хохироодог,

- Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид тухайн барилгын талбай дээр ажиллах бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөө, ажил гүйцэтгэх тухай зөвшөөрлийн актыг хийдэггүй,

- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгыг ажилтанд ор нэр төдий өгч, гарын үсэг зуруулснаар хязгаарлан, ажилтныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй сургасан

- 1.3 метр түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байранд хамгаалалтын хаалт, хашлага, тор, саравч, шат хийдэггүй,

- Ажилтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл/дуулга малгай, хамгаалах бүс….г.м./ олгодоггүй. Олгосон боловч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хэрэглээнд нь хяналт тавьдаггүй ,

- Өндөрт мэргэжлийн бус, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч эзэмшээгүй, мэргэжлийн үнэмлэх аваагүй хүмүүсийг ажиллуулдаг...гэсэн мэдээллийг их  хэлж байв. Мөн түүнчлэн хэлэлцүүлэгт оролцож санал сэтгэгдлээ илэрхийлж буй иргэд, олон нийтийн төлөөллөөс  МХЕГ-аас хууль зөрчсөн барилгын компаниудад хяналт шалгалт хийж тухайн барилгын үйл ажиллагааг зогсоодог. Гэвч "мөнгө", "танил" тал байхад бүх зүйл болчихдог болсон. Өнөөдөр нь үйл ажиллагааг нь зогсоож байхад маргааш нь барилгаа барьсаар байдаг. Эдгээр асуудал, дүрэм журмыг хаа хаанаа анхаарч ажиллах хэрэгтэй. Эдгээр асуудлыг бид олон жил ярьж байгаа ч энэ нь цаасан дээрээс бууж, бодит амьдрал дээр хэрэгждэггүй гэдгийг онцлон дурьдаж байв.

Эх сурвалж: www.News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)