Ц.Даваахүү: Орон нутагт "COVID-19"-ийн тусламж үйлчилгээнд  63 эмч мэргэжилтнийг сургагч багшаар  бэлтгээд байна

Б.Туул

Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал, тэргүүлэх зэргийн эмч Ц.Даваахүүтэй ярилцлаа. 

 - Дэлхий дахинд тархаад буй цар тахал  COVID-19  в и рус ын халдвараас урьдчилан  сэргийлэхийн тулд Монгол Улс бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Энэ хүнд хэцүү цагт мэргэжлийн эмч нараас бүрдсэн холбоо хэрхэн ажиллаж байгааг сонирхъё?

-Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Монгол Улсы н  өнцөг булан бүрт, 331 суманд ажиллаж буй 273 сумын эрүүл мэндийн төв, 39 сум дундын эмнэлэг, 6 хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, 14 тосгоны эрүүл мэндийн төвийн 7000 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй холбоотой эрх зүйн баримт бичгийг боловсронгуй  болгоход оролцох, удирдамж зааврыг мөрдөн ажиллах, сум, багийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

 -Сум, багийн түвшинд ажиллаж байгаа 7000 гаруй эмч мэргэжилтнүүд гэхээр их том “арми” байна. Холын аймгийн сум, багийн эмч нарт хүрч ажиллах амаргүй байх?

- Тийм шүү, энэ их том хүч. Манай холбооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал, 21 аймагт салбар зөвлөлтэй. Хурлаар удирдах зөвлөл, хяналтын хороо, багийн бүрэлдэхүүнээ сонгоно. Энэ бүрэлдэхүүнд сум, багийн эмч мэргэжилтнүүд оролцох бөгөөд аймагт сумд нь бүсийн зохион байгуулалттай учраас 1100 гаруй багийн эмч нарт  хүрч ажиллаж чаддаг.

Сум, багийн эмч мэргэжилтнүүд чадварлаг байх тусам л анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүргэнэ. Үүний тулд бид мэдлэг мэдээллээ харилцан солилцож, туршлага судалж, болж байгаа зүйлийг хэрхэн хөгжүүлэх, болохгүй байгаа асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх талаар санал бодлоо солилцох, судалгаа дүн шинжилгээ хийх, зөвшилцөх зэргээр тогтмол холбоотой байдаг. Тийм учраас бид “Эрүүл мэндийн хөгжлийн түлхүүр нь сумын эмч мэргэжилтнүүд” гэсэн уриатай үйл ажиллагаагаа улам өргөжүүлээд ажиллаж байна.

- Ирэх онд эрүүл мэндийн салбарт хэрэгжих олон чухал хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон. Эмч, мэргэжилтнүүдийн холбооноос эрүүл мэндийн төвийн санхүүжилт, иргэдэд хөнгөлөлттэй үзүүлэх тусламж үйлчилгээ гээд олон чухал санал хүргүүлсэн гэж сонссон?

-Салбарын удирдах дээд байгууллагаас эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй холбоотой тушаал шийдвэр, удирдамж заавар зэргийг шинээр боловсруулах, шинэчлэх ажилд мэргэжлийн төрийн бус байгууллага болох манай холбооноос байнга санал авч, ажлын хэсэгт орж хамтарч ажиллаж ирсэн. Үүнд сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, сумын эрүүл мэндийн төвийн зэрэглэл, нэг  иргэнээр тооцсон  санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үзүүлэх тусламж үйлчилгээ, анхан шатанд хөтлөгдөх маягтууд, сум тосгоны эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэх гэх мэт олон ажилд оролцсон.

Мөн саяхан бид Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний асуудлы г хэлэлц үүлж, тодорхой шийдэлд хүрсэн гээд олон зүйлийг дурьдаж болно.

-Сүүлийн жилүүдэд Монголд сүрьеэгийн өвчлөл газар авч байна. Танай байгууллагын эмч нар энэ ажилд чухал үүрэг оролцоотой байдаг. Энэ хугацаанд хэдэн хүн эмчилж, эдгээгээд байна вэ?

 -Бид 2016 оноос эхлэн ЭМЯ-тай гэрээ байгуулан Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн салбар хүлээн авагч байгууллагаар одоог хүртэл ажиллаж байна. Энэ хүрээнд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх улмаар эмэнд тэсвэртэй сүрьеэгээс сэргийлэх зорилгоор орон нутагт сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Мөн орон нутагт аймаг, сум, багийн түвшний засаг захиргааны нэгж, төрийн байгууллагын  уд и р д л а г а , шийдвэр гаргагч нарт нөлөөлийн сургалт семинарыг зохион байгуулах, үйлчлүүлэгч төвтэй сүрьеэгийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх, сумаас аймаг руу, аймгаас нийслэл  рүү үйлчлүүлэгчийг чирэгдүүлэхгүйгээр сүрьеэгийн сэжигтэй  тохиолдлын сорьцыг зөөвөрлөж, оношийг нь баталгаажуулах,  эмчилгээний үр дүнг хянах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж буй сүрьеэгийн тусламж үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийх, зөвлөн туслах, сумын эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургах, дадлагажуулах зэрэг ажлуудыг хийж байна.

Үүний үр дүнд өнгөрсөн 4.5 жилд 1687 шинэ сүрьеэ үүнээс 163 эмэнд тэсвэртэй сүрьеэг сум, багийн эмч нар эрт илрүүлж, хяналтандаа авч эмчилсэн байна.

-Одоо бид COVID-19 цар тахлын эсрэг бүх нийтээрээ нэгдэж, тэмцэж байна. Танай байгууллагаас энэ ажилд сум багийн иргэдээс сорьц авах, мэдээлэл хүргэх гээд чамгүй ажил нугалж байгаа гэж сонссон?

-Одоо бид дэлхий дахинд болон манай улсад  тархаад байгаа шинэ коронавируст халдвар  COVID-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тандалт, болзошгүй тохиолдлын үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангахад анхан шатны эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, дадлагажуулах, томуугийн харуулдан тандалтыг улам идэвхжүүлэх, шаардлагатай үед сорьц тээвэрлэлтийн тогтолцоог уялдуулахад анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд  ДЭМБ-ын дэмжлэгээр орон нутагт сумын эмч мэргэжилтнүүдээс анхан шатанд үзүүлэх COVID-19-ийн тусламж үйлчилгээний чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгуулсан. Алслагдсан сум, багийн түвшинд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасралтгүй  хүргэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тандалт, ажиглалт тусгаарлалт, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хэрхэн хангах, холбогдох удирдамж заавар журмыг хэрхэн мөрдөх, өөрийгөө хэрхэн хамгаалах, хүн амд эрсдлээс сэргийлэх мэдээлэл түгээх, зөвлөгөө өгөх арга зүйд сургах, шаардлагатай үед тохирох хариу арга хэмжээг  шуурхай авах, оношлогоо хамар залгиурын сорьц авах арга ур чадвар дадлагад сургах зайлшгүй шаардлагатай байгаа учраас нийт 63 сум, багийн эмч мэргэжилтэн нараас бүрдсэн багийг аймаг бүрт бэлтгэсэн.

Эдгээр бэлтгэгдсэн сургагч багшийн багийг сургалтын материал, гарын авлага, видео хичээлээр хангахаас эхлээд аймгийнхаа бусад сум, багийн эмч нарыг энэ чиглэлээр  сургах  дадлагажуулах, зөвлөн туслах ажлыг үргэлжлүүлэн хийж эхлээд байна. Мөн  нэгэнт тогтворжиж төлөвшсөн сүрьеэгийн сорьц тээвэрлэлттэй хамт COVID-19-ийн оношлогооны сорьц тээвэрлэлтийг уялдуулан ажиллаж байна.

-Шинэ он солигдоход хэдхэн хоног үлдээд байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүддээ та юу хэлэх вэ?

 -Монгол Улсын эрүүл мэндийн салбарт мэдэх, чадах бүхнээ дайчлан ажиллаж буй салбарынхаа нийт эмч,  эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнууд төдийгүй эх орныхоо  дөрвөн зүг найман зовхист  хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр цаг завгүй ажиллаж буй мэргэжил нэгт салбарынхаа хамт олонд эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Монгол Улс дахь шинэкоронавирусын тархалт 2020.12.28-ны өдрийн 11:00 цагийн байдлаар: 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин. 2020.12.28.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)