ЮНЕСКО-ИЙН ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУДЫГ ДИЖИТАЛААР НӨХӨН СЭРГЭЭСЭН НЬ

Хүн төрөлхтний үнэт өв болсон түүх, соёлын дурсгалт газрууд эвдрэх, бүрмөсөн устах эрсдэлд орсоор. Хүний буруутай үйлдэл, байгалийн хүчин зүйлсээс шалтгаалан сөнөх дөхсөн эдгээр байгууламжийг олны ой тоонд хадан үлдээх, очиж үзэх боломжгүй сая сая хүмүүст буй болон түүхэн дүр байдлыг нь харуулахын төлөө дижитал орчинд сэргээн танилцуулжээ. Архитектор Елена Попович, Керемчан Кирилмаз, дизайнер Эрдем Батырбек нар хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг гэрчлэх зургаан газрыг сонгон авч өнөөгийнх нь анх байгуулагдсан үеийнхээсээ хэрхэн өөрчлөгдсөнийг Gif зургаар харуулсныг хүргэе.

ЛЕПТИС МАГНА (ЛИВИ)

900 гаруй жилийн тэртээ орхигдож мартагдсан Лептис Магна нэгэнтээ Ромын эзэнт гүрний хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг байв. Марк Аврелий, Коммодын дараа буюу 193-211 онд Ромын төрийг барьж асан, Лептисийн уугуул Септимий Северийн хаанчлалын үед Газар дундын эл хот хөгжин цэцэглэж сүр жавхлант төрхөө олсон түүхтэй.

Ромын хотуудын жишгээр Лептис Магна ч мөн театртай байлаа. Ромын Африкт байгуулсан анхны театр болох энэхүү байгууламжийг барихдаа бэсрэг уулыг сэтэлж ухаад чулуу болон бетоноор таван давхар шат гаргасан аж. Театрыг чимж асан зуу зуун хөшөөнөөс (133-ыг нь тодорхойлсон) өдгөө ердөө хоёр нь л үлджээ.

Ливийн хойд хэсэгт байрлалтай эл байгууламж устах эрсдэлд орсон нь үер усны аюул, хэт ургамалжих зэрэг байгалийн хүчин зүйлээс голчлон шалтгаалжээ. Иргэний дайны эрч саарахгүй байгаа, жуулчдын урсгал татарснаас санхүүжилтгүй болсон зэрэг нь асуудлыг улам хурцатгаж буй.

ПАЛМИРА (СИРИ)

Устан алга болох эрсдэлд орсон түүх соёлын газруудын тухай бодохуй санаанд нэн түрүүнд Палмира буудаг болжээ. Сирийн дайны оргил үед "Исламын улс" бүлэглэл хотын үнэт дурсгалуудыг хаана нуусныг нь хэлүүлэхээр Эртний өв дурсгалын газрын дарга 82 настай Халид аль-Асаадыг тамлаж хөнөөсөн нь бий. Хотын түүх соёлын өв дурсгалыг 1960-аас хойш хариуцаж ирсэн аль-Асаад нуусан газраа хэлэлгүй амьсгал хураасан юм.

Мөн энэ үеэр зэвсэгт түрэмгийлэгчид Палмирагийн Баалын сүмийг нураажээ. I зуунаас гаралтай эл сүм тавцангаар өндөрлөгдсөн, суурь барилгын 205 метр урт ханыг хүрээлсэн Акропол загварын хаалга, галерей бүхий гоёмсог байгууламж байв. Гэтэл одоо суурь барилгынх нь багахан хэсэг, үүдний арктайгаа л үлджээ. Эртний хотыг сэргээн засах ажил яригдсаар байна.

НАН МАДОЛ (МИКРОНЕЗИ)

Понпеи арлынхан 1200-1500 онд базальт, шүр ашиглан 100 гаруй жижиг арал байгуулсан нь понпеичүүдийн агуу ололт амжилтад тооцогддог билээ. Номхон далайн бүсэд тогтнож асан томоохон соёл иргэншлийн нэг Сауделер эзэнт гүрний 80 га "усан дээрх хот" чулуун сүм, ордон, бунхан, байр байшингаар дүүрэн хөгжингүй хот байв.

Усан дээр оршдог тул сүйдэх эрсдэл их. 1820-оод оноос хоосорсон эдгээр арал хүний гараар сүйдээгүй ч хэт ургамалжих, далайн шуургад өртөх зэрэг байгалийн хүчин зүйлээс үүдэн бүтэц нь алдагдаж буй.

ПОРТОБЕЛО - САН ЛОРЕНЦОГИЙН БЭХЛЭЛТ (ПАНАМ)

Панамын эрэг дагуу байрлах энэхүү цэргийн бэхлэлтийг ЮНЕСКО-оос "хүн төрөлхтний бүтээлч сэтгэлгээний охь" хэмээн онцлон тэмдэглэсэн нь санамсаргүй хэрэг биш.

Кубагаас Колумби хүртэлх өргөн нутгийг хэрсэн энэ бэхлэлтийг Испанийн эзэнт гүрэн XVI-XVIII зуунд Америк, Испанийн худалдааны замыг хамгаалахын тулд барьжээ. Далайн дээрэмчид, танхайрагсдын халдлагаас хамгаалахаар өндөр түвшинд барьж гүйцэтгэсэн энэхүү байгууламж тэр үедээ ихэд үсрэнгүйд тооцогдож байв. Харьцангуй сайн хадгалагдаж үлдсэн авч хаягдсан хийгээд хотжилт, байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр сүйрэх эрсдэлтэйд тооцогдох болсон юм.

ИЕРУСАЛИМЫН ХУУЧИН ХОТ (ИЗРАИЛЬ)

Иерусалимын хуучин хотын хэрэм дотор зуун зууны турш баригдсан, түүх, соёлын онцгой ач холбогдолтой байгууламжууд бий. Шохойн чулуугаар барьсан Гаслангийн хана I Ирод хааны үе буюу МЭӨ 20 оноос эхтэй бол Хадан цохиот сүмийг Аугаа сүмийн буурин дээр 91-668 онд барьжээ. Сүмийн алтан оройг харин XX зуунд суурилуулсан аж. Хотжилтоос үүдэн ЮНЕСКО-ийн "улаан" жагсаалтад багтжээ.

ХАТРА /ИРАК/

Хатра бол Парфяны эзэнт гүрнээс хамгийн сайн хадгалагдаж үлдсэн дурсгалуудын нэг юм. Дотор ба гадар хана нь дөрвөн бээр хүрэх урттай эл байгууламжийг МЭӨ III-II дугаар зуунд босгожээ. Арабын хаант улсын нийслэл асан Хатраг "Бурхдын өргөө" гэдэг байв. Грек, арамей, месопотам, араб бурхдын мөргөлийн газартай учраас тэр санж. Сасанидуудын хаан Ардашир III зуунд эл хотыг сүйтгэсэн түүхтэй. Ор тас хаягдсан эл хотын буурийг XIX зуунд сая илрүүлжээ. "Исламын улс" бүлэглэлийн дайчид хана туургыг нь буудан нэвтэлж, шашны олон ургалч үзлийг сурталчилсан хэмээн доторх хөшөөнүүдийг нь алхаар цохиж буталсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)