Б.Гэгээн: Авлига, хээл хахууль, газар өмчлөлийн асуудлыг цахим хэрэглээ, АПП-аар шийдвэрлэх боломжтой

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүү­лэг­чид, шинийг санаач­лагчдыг “Leaderships forum” булан­даа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа төр, хувийн хэвшлийн цахим хэрэглээ, хөгжил болон хоцрогдол, сошиал медиа маркетинг сэдвээр  “Power Marketing Agency Mongolia” -ийн үүсгэн байгуулагч, Сошиал медиа маркетер Б.Гэгээнийг урьж ярилцлаа.

Төрийн үйлчилгээг цахим болговол олон асуудлыг шийдвэрлэнэ

-Дэлхийн олон оронд “COVID-19” цар тахлын дэг­дэл­тээс шалтгаалсан хөл хо­рио­ны дэглэм үргэл­жилж байна. Мөн шинэ ко­ро­на­вирусын халдвараас болж дэл­хийн эдийн засагт үзүү­лэх нөлөө улам дордсоор байна. Бараг бүх салбар тэр дун­даа  соёл урлаг, боловс­рол, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаа зогсонги бай­далд орж, зарим нь цахим хэ­лбэ­рээр үйл ажиллагаа явуулж байна. Цаашид нөхцөл байдал яаж эргэхийг таах боломжгүй.

Хэрэв энэ байдал үргэлжилбэл төр, хувийн хэвшлийн, бизнесийн байгууллагуудын  үйл ажиллагааг зогсонги байдалд оруулахгүйн тулд бид дараагийн ажлуудаа бодож, төлөвлөх ёстой. Тэр дундаа цахим орчныг илүү сайн идэвхжүүлж, зөв хэрэглэх ёстой.   

Монголчуудын цахим хэрэглээ өнөөдөр ямар түвшинд байна вэ гэдгийг бодох, хэлэлцэх цаг нь болсон. Миний хувьд 2010 оноос хойш хувийн байгууллагад ажиллаж ирсэн учраас төрийн албаны дотоод бүтэц, цахим хэрэглээг дүгнэж хэлэх нь зохимжгүй байх. Гэсэн ч хувь хүний зүгээс харахад төрийн байгууллагын хүнд суртал, авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах гээд иргэдийн олон жил шүүмжлэлтэй хандаж ирсэн энэ бүх асуудлыг цахимаар шийдэх боломжтой санагддаг. Энэ нь манай улсын хөгжиж дэвших бас нэгэн гарц болно гэж хардаг. Аливаа өргөдөл гомдол, санал хүсэлтийг албан тушаалтанд хүргэж өгөх бус цахимаар хүлээн авч, шийдвэрлэдэг болох хэрэгтэй. 

Аж үйлдвэрийн IV хувьсгал,  технологи, инновацийн хөгжлийн шинэ эрин үед дэлхий нийт хүнээс хамааралтай хүчин зүйлийг багасгах олон шинэ технологиудыг бүтээж байна. Тиймээс манай улсын мэдээлэл технологийн салбарт гарч буй өөрчлөлт, төрийн бодлого, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээллийг залуучууд сонирхон судалж байна.  

Төр, засаг нийслэлээс  “Цахим шилжилт”-ийг үе шаттай хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг. Иргэдийн хамгийн сайн мэддэг “ТҮЦ” машин, “ХУР” систем, “Smart UB”, “Check my service”, автотээвэр гээд бусад салбарын аппликейшн иргэдийн хэрэглээнд нэвтэрч, тодохой хэмжээнд ашигладаг боллоо. Гэсэн ч үүнийг цааш нь илүү хөгжүүлэх, өргөжүүлэх ёстой.

Төр, засгаас эдгээр аппликейшнийг улам хөгжүүлж, төрийн албаны бүх үйлчилгээг цахим, гар утасны аппликейшнаар дамжуулан  шийдвэрлэдэг болчихвол төрийн байгууллагын ажлын ачаалал ч хөнгөрнө,  иргэдийн амьдрал ч сайжирна.  Тэгээд тухайн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой цагт тогтмол сурталчилж, иргэн бүрийн мэддэг, хэрэглэдэг аппликейшн болговол цахим хэрэглээ илүү хурдан төлөвшинө.  
Өнөөдөр манай төрийн байгууллагуудад цахим хөгжүүлэлт, мэдээлэл сурталчилгааны ажил дутмаг байгаа нь харагддаг.

Жишээ нь, хүн бүрийн үндсэн хэрэгцээ болсон газар өмчлөх асуудал байна. Монгол Улсын иргэн бүрт газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх, газар өмчлүүлэх ажлыг хуульд заасан зориулалтаар нь төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах ёстой гэсэн энэ ажил жилийн жилд хэл ам дагуулсаар байдаг. Дүүргийн газрын албатай уулзах гэсэн иргэд  ямар урт дараалалтай, гомдол чирэгдэлтэй, хүнд сурталтай, хүлээлтийн хугацаа ихтэй явж байгааг бид мэднэ. 
Иргэдийн газар өмчлөхтэй холбогдсон ажлууд, өргөдөл гаргах, бичиг баримт бүрдүүлэх, газрын байршлаа судлах, кадастрын албанд хандах асуудлыг цахим, аппликейшнд оруулж өгснөөр энэ бүх асуудлыг хялбархан шийдэх боломжтой. Иргэдэд ч чирэгдэлгүй, газрын албаныхандаа ч ачаалалгүй болно.  Энэ мэт ажил хэдэн сар жилээр сунжирч хүлээгдсэнээс иргэд төрийн үйлчилгээнд сэтгэл дундуур явдаг.

 Тиймээс манай улс цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлж, төрийн үйлчилгээндээ мэдээлэл технологийн системийг нэвтрүүлж чадсан Эстони, Гүрж улсаас туршлага судлах хэрэгтэй. Монгол Улс сүүлийн 30 жилд бугшсан авлига, албан тушаалын давуу талаа ашиглах үзэгдлийг зогсоохын тулд хэн нэгэн шударга иргэнийг  тухайн албанд томилсноор энэ асуудал цэгцрэхгүй. Үүнийг системийн шинэчлэлээр бууруулах боломжтойг “цахим шилжилт”-ийг амжилттай нэвтрүүлсэн  улс орны туршлагаас харж болно.  

 

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ АМЖИЛТТАЙ ХИЙВЭЛ БИД  "COVID-19"-өөР ӨВДӨХГҮЙ 

-Монголд иргэдийг олон жил бухимдуулж буй  авлига, хүнд суртлын асуудлыг цахимаар шийдвэрлэх боломжтойгоос гадна цахим шилжилт хийх цаг үе нь өнөөдөр юм. Бид  үүнийг удаашруулж, хойшлуулах боломжгүй нөхцөлд амьдарч байна. Короновирусын  дэгдэлтээс үүдэн төрийн байгууллагуудын үйлчилгээ авах бүхий л үе шатыг  богино хугацаанд цахимжуулах хэрэгтэй гэж бодогддог. Зайнаас харилцсанаар бид коронавирусын халдвараас  ганцхан энэ жил ч биш олон жил ангид байх бүрэн боломжтой.

Жил бүр короновирус болон түүнтэй адилхан  тахал өвчин гарах бүрт худалдаа үйлчилгээний байгууллагууд, сургууль, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байх нь эдийн засагт ч, тухайн байгууллагын ард буй олон айлын амьдралд хүнд тусах нь ойлгомжтой.

Тиймээс яг одоо короновирус дэлхий даяар тархаж, олон хүнд сорилттой тулгарч буй энэ үед Монголын болон гадаадын тэргүүлэх мэдээлэл технологийн компаниудад хандаж, төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, төрийн албыг цомхон чадварлаг багаар бүрдүүлэх хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг хийж чадвал бид төрийн үйлчилгээг ч, иргэдийн амьдралыг ч богино хугацаанд үр дүнтэйгээр өөрчилж чадна.  
Эстони 1.3 сая хүн амтай ч сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээнийхээ 90 хувийг цахимжуулж чадсан үлгэр жишээ улс. Монгол Улс ийм үр дүнд хүрэхийн тулд төр, засаг, хувийн хэвшил гээд шат шатандаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дараагийн ажлаа зөв төлөвлөсөн нь дээр байх.   

БЭРХШЭЭЛИЙГ БОЛОМЖ БОЛГОН ХУВИРГАХ ХЭРЭГТЭЙ

-Би маркетингийн салбарт олон жил ажилласан учраас цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөллүүдийг эдийн засаг, санхүүгийн алдагдал талаас нь дүгнэхээс илүүтэй хувийн байгууллагуудад үүсч буй хүндрэл бэрхшээлийг анзаарч харахыг хичээсэн. Манай улс 2020 он гарснаас хойш “СOVID-19”-өөс шалтгаалсан хөл хорионы дэглэм барьж байна. Үүнээс болж олон салбарын үйл ажиллагаагаа зогсонги байдалд ороод байна. Ялангуяа, хувийн байгууллагууд үйл ажиллагаа зогсоох нь улс орны эдийн засагт ч, тухайн ажил олгогчдод, тэнд ажиллаж буй хүмүүс гээд олон айл санхүүгийн хүндрэлд орж байна.

Энэ тахал өвчин аль ч улс оронд дахин дэгдэх магадлал өндөр байгаа энэ үед тухайн салбаруудыг тодорхой хугацаанд үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч болох ч эргээд халдвар тархвал яах вэ. Тухайн байгууллагын удирдлагууд энэ бүхнийг сайн бодолцож үзээд, шийдэмгий өөрчлөлтүүдийг  хийх хэрэгтэй. 


Миний бодлоор аливаа эдийн засгийн хямралыг бэрхшээл гэж харах уу. Шинэчлэлт хийх боломж гэж харах уу гэдэг нь илүү чухал санагддаг. Шинэ короновирус нь боловсрол, спорт, соёл урлагийн салбарынханд хуучин арга барилаасаа салах цаг болсон гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, үзэгчдийг танхимд олноор нь цуглуулах, тасалбар борлуулах нь цаашид цахим-дижитал төхөөрөмж рүү шилжихээс өөр сонголтгүй болгож байна. Тиймээс бид хүссэн хүсээгүй тайз дэлгэцийн уран бүтээлүүд, цэнгэлдэх, спорт заалны үзвэрийг онлайн болгох шаардлагатай тулгарч байна. 
Хувийн байгууллагууд, бизнес эрхлэгчид ч гэсэн арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр бид технологижсон эрин үед амьдарч байна. Хүн бүр гар утас ашиглаж, интернэтээр худалдан авалт хийж байна. Тиймээс хувийн байгууллагууд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ танилцуулгыг өөрийн цахим хуудас, фейсбүүк, инстаграмм болон бусад сошиал медиа сувагт байршуулж, онлайнаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байх нь аль аль талдаа хэрэгтэй.

Дээрх аргачлалыг ашиглаж буй хувийн байгууллагууд, бизнес эрхлэгчид илүү олон харилцагчтай. Харин уламжлалт хуучин арга барил болох хэвлэмэл брошур тараах, салбар дэлгүүр, лангуунд найдаж,  үйлчлүүлэгч орж ирэхийг хүлээх нь орлого буурах, үйл ажиллагаа доголдох үндэс болж байна. Түүнчлэн интернэт орчинд сурталчилгаа хийж буй өрсөлдөгч байгууллагуудад үйлчлүүлэгчдээ алдаж байгаагаа ойлгох хэрэгтэй.
 

Жишээ нь, манай  “Power marketing” агентлаг хувиараа бизнес эрхлэгчдэд маркетинг борлуулалтын бодлого, гүйцэтгэлд нь дэмжлэг үзүүлэх зорилготой үүсгэн байгуулагдсан. Төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, хувь хүнтэй хамтарч ажилладаг.

Энэ хугацаанд ажиглагдсан зүйл бол сошиал медиа маркетингийн бодлогод төдийлөн ач холбогдол өгдөггүй. Уламжлалт маркетингийн арга барилдаа дассан байдал нь илт харагддаг. Мөн бусад уламжлалт маркетинг сувагт зарцуулж буй маркетингийн төсөв нь сошиал медиа маркетингт зарцуулж буй төсөв хоёр нь хоорондоо ялгаатай дүнтэй байдаг.

Одоо ч гэсэн энэ байдал нь бүрэн өөрчлөгдөөгүй байна. Манай иргэдийн  хувьд ч цахим хэрэглээ мөн адил уламжлалт хов жив, шар мэдээнд түлхүү анхаардаг, зугаа цэнгэл, хөгжөөнтэй мэдээлэл илүү их сонирхож үздэг, мэдлэг мэдээлэл агуулсан постийг уншиж судалдаггүй байдал өөрчлөгдөхгүй байна. Энэ бүхнээс харахад бид нийтээрээ өндөр үзүүлэлттэйгээр сошиал орчинд шилжсэн ч агуулга нь уламжлалт, хуучин хэлбэрээрээ байсаар байна.

Судалгаагаар интернэт хэрэглэгчдийн  80 хувь нь сошиал суваг ашиглаж буйг тогтоосон. Интернэт бол мэдлэгийн далай гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэсэн ч гадаад хэл сурах, мэргэжил дээшлүүлэх, сонирхон судалж буй сэдвээр олон орны судалгаа үзэх, шинэ мэдлэгүүд эзэмших гээд цахим ертөнцийн энэ бүх боломжийг манайхан зөв хэрэглэж, өөрт хэрэгтэйгээ шүүрч авч чадахгүй байгаа нь харамсалтай санагддаг. Тиймээс бид өөрсдийн боломжийн хүрээнд сурч мэдсэн зүйлсээ түгээх, иргэдэд сошиал медиа сувгийн анхан, дунд шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж эхэлсэн. 


Мэдээллийн эрин зуунд цахим хэрэглээг нэмэгдүүлэх, зөв төлөвшүүлэх үүднээс боловсролын салбарт тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Иимд хувийн сургалтын төвүүдээс гадна улсын сургуулиуд бага, дунд ангиас нь үндсэн хичээл болгож хүүхдүүдэд мэдээлэл технологи, сошиал ухаалаг хэрэглээ сэдвээр мэдлэг олгох ёстой гэж боддог. Мөн төрийн болон хувийн байгууллагууд үйлчилгээгээ цахим болгох үйл явц сайжирснаар иргэдийн цахим мэдлэг хэрэглээгээ дагаад хувсан өөрчлөгдөнө. 

 

“E-MONGOLIA” ТӨСЛИЙН ЦАХИМ ХУУДСУУД 300 ГАРУЙ ДАГАГЧТАЙ

-Бид сошиал ме­диа марке­тингийн чиглэ­лээр үйл ажиллагаа явуулдаг учраас төрийн байгууллагуудын цахим үйлчилгээг илүү өргөн хүрээнд хөгжөөсэй гэж хүсдэг. Тэр утгаараа улсын хэмжээнд хэрэгжиж буй “E-Mongolia” төслийн мэдээллийг сайтуудаас уншиж, талархалтай хүлээн авч байлаа. Энэ бол өнөөгийн залуус бидний яриад буй хэрэгжүүлээсэй гэж хүсч бодож байгаа зүйлийн томоохон эхлэл юм.

 Одоогоор төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia.mn цахимаар дамжуулан 42 төрийн байгууллагын 305 төрлийн мэдээлэл, лавлагааг иргэд хүлээн авах боломжтой байна. Цаашид нийтэд нэн шаардлагатай байгаа бусад 11.250 орчим төрлийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр иргэд, байгууллагуудад цахимаар хүргэх боломжийг бүрдүүлээсэй. Нэг системд бүх мэдээллээ төвлөрүүлснээр төрийн зарим үйлчилгээ хүнээс хамааралгүй болж, хүнд суртал, шат дамжлага, авлига, хээл хахууль үгүй болж цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн ажил үйлчилгээ болно гэж хардаг. 


Гэтэл өнөөдөр E-Mongolia цахим хуудаст 18.743 хүн нэвтэрсэн, долдугаар сард 1785 хүн нэвтэрч орж үзсэн үзүүлэлттэй байгаа нь үнэхээр сул үр дүн юм. Үүнээс гадна өнгөрсөн оны есдүгээр сард нээсэн E-Mongolia фейсбүүк пейж хуудас ердөө 378 дагагчтай. Инстаграмм хаяг нь огт дагагчгүй байгаа нь сошиал медиа сувгаар сурталчилгаа, мэдээлэл түгээх ажил дутмаг байгааг харуулж байна. 


 Олон нийт, иргэдэд чиглэсэн ийм том төсөл хөтөлбөрийн мэдээлэл сурталчилгааг мэргэжлийн маркетингийн байгууллагад даатгаж хариуцуулж өгвөл иргэдэд илүү хурдан мэдээлэл хүрэх юм шиг санагдсан. Эсвэл тухайн сошиал медиа сувгийг хариуцаж буй мэргэжилтэнг дижитал маркетингийн сургалтад хамруулах, энэ талын мэдлэг мэдээллээр хангаж өгөх хэрэгтэй. Тиймээс улсын хэмжээнд хэрэгжиж буй “E-Mongolia” төслийн ажлыг эрчимжүүлж, Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд  түүхий нүүрсийг нийслэлд оруулж ирэхийг хориглосонтой адил төрийн нэгдсэн портал төв байгуулагдсан нийслэл, аймаг, сумдад зөвхөн энэ системээр үйлчлэхийг хатуу журамлаж, иргэдэд сошиал медиа сувгаар энэ мэдээллээ сурталчилж, хэрэглээнд нь хэвшүүлээсэй гэж боддог.  

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНИЙ ХӨГЖИЛ БА ХОЦРОГДОЛ

-Хувиараа бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал бол сошиал медиа хэрэглээг зөвхөн хувийн хэрэгцээнд суурь шатанд нь ашиглаад, түүнийгээ бүрэн ашиглаж байна гэж ойлгоод байдаг. Сургалтад хамрагдсаны дараа фейсбүүк, инстаграмм-д бүхэл бүтэн зар сурталчилгааны олон функц тохиргоо байдгийг мэдэж авдаг. Тухайлбал, сошиал сувгуудыг  өөрсдийн хувийн хэрэглээнд эсвэл бизнес хэрэглээнд ашиглахаас хамаарч бизнес тохиргоо хийх заавар бий.

Жишээ нь, фейсбүүк дээр хувийн хаягаараа онлайн шоп нээгээд найзууд нь 5000 хүрээд зогсчихоор дахин яаж олон хүнд хүргэхээ мэддэггүй. Бизнесийн орлого нь ч нэг түвшинд хүрч өсөлтгүй, бууралттай болсон байдаг. Мөн фейсбүүкт бизнесээ байршуулах бол пейж хуудас үүсгэж, түүнийгээ цахим шиг хөгжүүлж, олон хүнд хүргэх төлбөрт сурталчилгааг гүйцэтгэж байж орлого олох боломжтойг мэдэхгүйгээсээ болж шантрах, үйл ажиллагаагаа зогсоох, санхүүгийн алдагдалд орох нөхцөл байдал үүссэн байдаг. Тиймээс бизнес эрхлэгч иргэн бүр сошиал медиа маркетингийн мэдлэгийг анхнаас нь гүнзгий шат хүртэл эзэмшиж чадвал ажилтай, орлоготой байх боломжтой. 


Манай “Power agency” төв энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдэхээр 2020 оныг “Сошиал медиа маркетингийн мэдлэгийг монгол хүн бүрт эзэмшүүлье” гэсэн аян зарлаж, өөрсдийн танхимын сургалтаа онлайн хэлбэрт оруулж, сонирхсон хүн бүр суралцах боломжтой, хөнгөлөлттэй үнээр  иргэдийг сургалтад хамруулсан. Олон хүн бизнесээ өргөжүүлж, маркетингийн мэдлэгтэй болсон. Манай агентлагт хандаж буй бизнес эрхлэгчдийн дийлэнх нь пейж хөгжүүлэлт, тохиргоо, төлбөрт сурталчилгааг зөв оновчтой хийж сурахыг хүсдэг. Учир нь, төлбөрт сурталчилгаа буюу бүүст пост хийхдээ нарийвчилсан, зорилтот бүлэгтээ хандсан тохиргоог  хийлгүй хамгийн энгийн хувилбар сонгосноор хэрэглэгчдээ татаж чадахгүй, хоосон зардал гаргах тохиолдол их байна.

Хамгийн ойрын жишээ гэхэд л өнгөрсөн сард манайд хандсан нэг үйлчлүүлэгч бүс нутгаа сонгохдоо анзааралгүй Америк руу сурталчилгаа хийсэн байсан. Ийм шалтгаантай олон үйлчлүүлэгч манайд хандаж сургалтад хамрагдаж, зөвлөх үйлчилгээ авдаг. 


Эцэст нь дүгнэж хэлэхэд, хүн бүр тодорхой хэмжээнд фейсбүүк, сошиал медиа сувгуудыг  өөрсдөө бие даан интернэтээр судалж сурч байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагын сургалтад нэг удаа хамрагдаж, зөв оновчтой  сурталчилгаа хийж сурах нь сургалтад зарцуулсан нэг удаагийн зардлаар та цаашид учрах олон эрсдэлээс хамгаална гэдгийг хэлэхийг хүсч байна.

Хэрэв та өөрийн гэсэн бизнес эрхэлж байгаа бол түүнийгээ интернэт орчинд сурталчилах нь сонголтгүй сонголт болсон. Тиймээс өөрийнхөө  бизнестэйгээ, ажилтай, орлоготой оршин тогтнохыг хүсвэл тоглоомын дүрэм буюу мэдлэгтэй байх, түүнийгээ байнга хөгжүүлж, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх нь хамгийн зөв шийдвэр байх болно гэдгийг хэлье. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.27  ДАВАА № 142 (6367)

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)