ЭЕШ хүртэлх миний зам буюу ТӨГСӨХ АНГИЙНХАНД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

Нэг жилийн өмнө төгсөх ангийн сурагч болох гэж их догдолж байсан маань сэтгэлд минь тодхон санагдаж байна. Дунд сургуулийн 12-р ангид орж байсан хичээлийн шинэ жилийн эхний өдөр “Төгсөх хүртэл, ирэх хавар ч хол байна даа” гэж бодож байсан ч нүд ирмэхийн зуур л төгсөх болж цаг хугацаа хурдан өнгөрөх шиг л болсон. Дунд сургуулийн 12-р анги бол юу юунаас илүү хариуцлагатай жил, энэ үед чиний жинхэнэ амьдралын эхлэл ч тавигдаж болно. Учир нь мэргэжил сонголт, сургууль сонголтоо хийхийн тулд Элсэлтийн Ерөнхий Шалгалт хэмээх давааг давах хэрэгтэй болно.

Харин би давах даваагаа давчихсан, хүрнэ гэсэн зорилгодоо хүрсэн болохоор ч тэр үү өнгөрсөн үед ямар замыг туулж, ямар бэрхшээлтэй тулгарч явсан тухайгаа миний дайраад гарсан “аялалд” одоо л гарах гэж байгаа найз нартайгаа хуваалцахыг хүссэн учраас энэхүү зөвлөмжөө бичиж сууна.

Юуны түрүүнд би бусад шиг гоц ухаантан, гавал эсвэл муу сурлагатан байгаагүй бөгөөд өөрийгөө дайчилж, хичээл зүтгэл гаргадаггүй ч А гэдэг дүнтэй нөхөрлөгч алтан дундаж байсан билээ. Гэхдээ 12 жил сурсан мэдлэгээ гэрчилгээн дээр байгаа дүнтэйгээ харьцуулвал тийм хэмжээний мэдлэг миний толгойд үлдээгүй байсан гэдгээ нуухгүй ээ. Маш олон төрлийн шинжлэх ухааны хичээлүүд ордог байснаас сонирхож дурлаж байсан нь цөөн. Ингэж суралцсаар байгаад нэг л мэдэхэд амьдралынхаа хамгийн чухал даваан дээр өөрөө ч ухаарж амжаагүй байх үедээ ирчихсэн, бүх зүйл эхлэх гэж байхад миний бэлтгэл маань F  дүн авахад ч ихэдмээр байлаа. cheeky

Миний бодлоор 12-р ангидаа ороход бүх зүйл тодорхой болно гэж бодож байтал юуг, хаанаас, яаж эхлэх маань ойлгомжгүй хэнээс, ямар зөвлөмж авах тухайгаа ч сэтгэж чадахгүй цаг хугацаа энгийн л буюу өмнөх ангиудад байсан шиг минь өнгөрч байв. Мэдээж багш нар маань олон жилийн өөрийн туршлага, давтлага хичээлүүдийг заах бөгөөд энэ бүгд агуулгын хүрээнд онц сайн боловч алхам арга зүйн хувьд одоогийн Элсэлтийн Ерөнхий Шалгалттай (ЭЕШ) нийцэхгүй, хоцрогдсон зөвлөгөөнүүд байсан.

ЭЕШ ХҮРТЭЛ БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?
1.    Мэргэжлээ сонгох
2.    Шалгалт өгөх хичээлүүд дээрх мэдлэгээ бататгах
3.    ЭЕШ-даа бүртгүүлэх
4.    Орохыг хүсэж буй сургуульдаа цахимаар бүртгүүлэх


1. МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ: “Би ямар мэргэжилтэй хүн болох вэ?” Энэ асуулт өмнө нь байнга л яригддаг энгийн зүйл мэт санагддаг байсан ч яг өөрөө энэ асуултанд хариулах хэрэгтэй болох үед хамгийн чухал зүйл байсныг анзаарсан. Зарим найзууд маань бага насны мөрөөдлөө орхиогүй байхад зарим нь ээж аавынхаа мэргэжлийг өвлөн суралцах тухайгаа ярьж, заримынх нь сонгосон мэргэжил ээж аавынх нь эсэргүүцэлтэй тулгарч байна гэж байлаа. Харин надад энэ бүгд огтхон ч тохиолдоогүй бөгөөд миний сонголт миний гарт байв. Гэхдээ би юунд дуртай, юуг насаараа хийж амьдарч чадахаа мэдэхгүй байсан. Тиймээс олон хүмүүстэй уулзаж, ярилцаж, мэдээлэл цуглуулаад эцэст нь өөрөө сонголтоо хийсэн билээ. Энэ бол маш хариуцлагатай сонголт бөгөөд “ЭЕШ өгсний дараа оноогоо харж байгаад нэг ангид орно доо” гэж бодолгүй бүх зүйл эхлэхэд хаана хүрэхээ тооцолсон. Өөрөөр хэлбэл зорилготой байвал чи түүн рүүгээ тэмүүлдэг, юуг хийхээ мэддэг байхаас гадна зорилгодоо хүрэх боломж чин бусдынхаас хэдэн мянга дахин илүү байх болно.
 
2. ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛҮҮД ДЭЭРХ МЭДЛЭГЭЭ БАТАТГАХ: Энэ хэсэг чиний зорилгыг биелэх боломжтой болгох хэсэг буюу зорилгондоо хүрэх хаалганы чинь түлхүүр гэж ойлгож болно. Гэхдээ ганц түлхүүр байлаа гээд яаж онгойлгохоо мэдэхгүй бол тэр хаалгаа хаалттай л байна шүү дээ. Хамгийн гол нь тооцоолол. Ямар хичээл дээр хэдэн оноо авах боломжтойгоо тооцоолох. Энэ тооцооллыг хамгийн сүүлийн  ЭЕШ-ын материал дээр ажиллаж ерөнхий мэдлэг болон хэдэн оноо авах нөөц боломжтой байгаагаа харах хэрэгтэй. Түүний дараагаар ямар хичээлээр, хэдэн шалгалт өгөхөө шийдэх. Энэ нь маш хариуцлагатай алхам бөгөөд сонгосон мэргэжил, өндөр оноо авах боломжтой хичээлтэйгээ уялдуулж шийдэхгүй бол нийт арван сарын хугацаанд өмнө нь үзсэн мэдлэгээ бататгах, шинэ зүйл сурахад яг үнэндээ бага хугацаа шүү. Мэдээж хичээвэл боломжгүй зүйл гэж үгүй! Гэхдээ аз туршиж байгаа мэт олон хичээл зэрэг өгөх нь  маш буруу сонголт бөгөөд энэ нь өндөр оноо авах магадлалыг бууруулдаг. Нэг хичээл дээрээ төвлөрч бэлдэхээс эхлээд ЭЕШ өгөх тухайн өдөр ачаалал хэт ихэссэнээс болоод амжилтын чанар буурдаг. Шалгалт өгөх товлогдсон өдөрт 3-4 төрлийн хичээл авах бөгөөд таны тархи энэ их ачааллыг нэг өдөр дийлэх боломжгүй шүү дээ.

Шалгалтандаа хэрхэн бэлдэх вэ?

Энэ бол чиний сурах арга барилаас 100% хамаарна. Сурах арга барилаа олсон хүн бол энэ тийм ч хэцүү зүйл биш бөгөөд энэ талаар мэдэхгүй байгаа тохиолдолд өөрийгөө таних бас нэгэн алхам хэрэгтэй болдог. Сонсож, харж, хийж, ярилцаж, уншиж, багаар ажиллаж, ганцаарчилан тайлбарлуулж гэх мэтчилэн хүн бүрийн онцлог өөр. Гэхдээ энэ бүгдийг дагнаж хийлгүйгээр бүгдийг нь хослуулан суралцах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон судалгаа баталдаг. Нэг ёсондоо дуу хурдан сурдаг, сонсголоор бүх зүйлийг хялбар сурдаг хүн онцлогоо гол болгон суралцахаас гадна уншиж, ярьж, харж сурах нь үр дүнтэй гэсэн үг.

 Цагийн хуваарь үүсгэх
Таны сонголт дунджаар 3-4 хичээл байх болов уу? Мэдээж энэ олон төрлийн хичээлийг тэнцвэртэй суралцаж, мэдлэгээ бататгахад хамгийн чухал нь хувийн зохион байгуулалт буюу цагийн төлөвлөгөө хэрэгтэй.

Хэзээ, хэдэн цагаар, ямар хичээлийг, ямар сэдэв дээр ажиллахаа толгойндоо бодоход үр бүтээл 50 хувиар буурж болзошгүй. Учир нь чиний ой санамж тэр мэдээллийг системтэй хадгалж үйл хөдлөл болгох боломжгүй. Тиймээс цагийн төлөвлөгөө нь энэ бүгдийн хамгийн сайн туслагч байх болно.

Нэг хичээлийг нэг өдөр бэлдэх нь зөв бөгөөд 3-4 хичээлийг өдөртөө хувааж бэлдэхэд дагнаж бэлдсэнээс үр дүн муутай. Өнөөдөр нэг цаг гаруйн хугацаанд Математикийн арван бодлого бодно гэсэн төлөвлөгөөтэй байсан бол энэ бодлогынхоо томьёог гурван хоногийн дараа сэргээж харна гэдгээ хүртэл төлөвлөх хэрэгтэй.


 Сурах орчин бүрдүүлэх

Гэр бол хичээл хийх хамгийн тохиромжгүй газар гэж би боддог. Хажууд дүү уйлна, тэнд зурагт дуугарна, утсанд чат ирнэ, эндээс ээж дуудна. Харин номын сан бол миний төлөвлөгөөгөө хамгийн сайнаар биелүүлж чадах орчин байсан. Энд зорилго нэгтэй олон нөхөд чин байх тул ойлгохгүй зүйлсээ лавлахад туслах нэгэн олдох нь дамжиггүй.

Мэдээж чамд өрөө байдаг бол өөртөө тохирсон орчинг ч бүрдүүлж болно шүү дээ. Дуртай зүйлсээрээ ширээгээ чимэглэж, гэрэл асааж хаашаа ч харсан ширээн дээрээ суугаад хичээлээ хиймээр санагдах тийм орчин. Гэртээ бүрдүүлсэн орчин хаана ч байхгүй хамгийн сайхан орчин бөгөөд энд хангалттай идэж хангалттай амрах ч боломж чамд бий.


 Амралт
Үр дүнтэй бэлтгэлийн бас нэгэн хүчин зүйл бол амралт. Хэзээ, хэдэн минут, амрах хэрэгтэйгээ зохицуулах нь маш чухал. 45 минут идэвхтэй хичээллэсний дараа 15 минутын амралт хэрэгтэй бөгөөд дараагийн хичээлээ эрч хүчтэй бэлдэхэд энэ хугацаа их үр нөлөөтэй.

Энэ хугацаанд идэвхтэй дасгал хийх, амттан идэх, хөгжилтэй бичлэг үзэж болохоос гадна хэсэгхэн унтаад сэрэхэд  ч хангалттай хугацаа юм. Өөрийгөө хэт ачааллуулж амралтгүй хичээллэх нь эрүүл мэндэд маш муу үр дагавартай. Эрүүл биед саруул ухаан оршдог шүү дээ.


 Тэмдэглэл хөтлөх

Таван хуудас мэдээллийг уншаад нэг хуудаст хураангуйлан анализ хийх нь замбараагүй мэдлэгийг цэгцэлдэг. Энэ тэмдэглэл нь цаасан дээр тэмдэглэж бичнэ гэхээсээ илүү уншиж буй материал номон дээрээ өнгөт цаас, тодруулагч, стикерийг ашиглан мэдээллийг хялбарчилах, сэргээж харахад тустай байдаг.  


 Нэр томьёог чээжлэх
Гадаад үг, он тоолол, хүний нэр гэх зэрэг олон зүйлийг чээжлэх хэрэгцээ маш их гарна. Энэ асуудлыг шийдэхэд flashcard буюу хөзрөн картууд их тусалдаг. Цаасныхаа нэг талд чээжлэх үгээ бичээд, эсрэг талд нь тайлбар болон багахан баримтыг бичээд, завтай байгаа үедээ сэргээж харвал маш үр дүнтэй. Аливаа зүйлийг чээжлэхэд энэ арга надад маш үр дүнтэй байдаг. Ихэнх хэлний мастерууд шинэ үг чээжлэхэд энэ аргыг санал болгодог.



3. ЭЕШ-ын БҮРТГЭЛ: Бидний дараагийн чухал даалгавар бол ЭЕШ-ын бүртгэл. Ямар хичээлээр, хэдэн шалгалт өгөхөө шийдсэн хүнд энэ бол маш амархан. Гэхдээ шийдээгүй байгаа хүнд сэтгэл хөөрлөөрөө хандаж магадгүй бас хэцүү үе. Учир нь бүртгэл богино хугацаанд үргэлжлэх бөгөөд  энэ үед яарч шийдвэр гаргахад алдаа болох магадлалтай. Учир нь чи сонгосон хичээлээ солих боломжгүй. Энэхүү бүртгэлийг сургуулиараа нэгдсэн журмаар бүртгүүлэх тул та мэдээллээс хоцрох вий гэж бүү санаа зовоорой. wink
 
4. ИХ СУРГУУЛЬДАА ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ
: Би энэ алхмыг бараг л алгасах гэж байсан хэнэггүй нөхөр. Азаар орохыг хүсэж байсан сургуулийнхаа сургалтын албатай очиж уулзаад энэ талаар мэдэж авсан. Чи ЭЕШ өгөхөөсөө өмнө буюу шалгалтын оноогүй байх үедээ орохыг хүсэж буй сургуулиуддаа цахимаар бүртгүүлдэг. Энэ бүртгэл нь ЭЕШ бүртгэлээс хойно эхэлдэг бөгөөд ЭЕШ оноо гарах өдөр хүртэл үргэлжилдэг. ЭЕШ бүртгэлийн дугаараар бүртгүүлдэг учир чамаас бүртгэлийн хураамжаас өөр ямар ч мэдээлэл шаардахгүй бөгөөд шалгалтын оноо гарсан даруйд бүртгэгдсэн хүүхдүүдийн оноо эрэмбэлэгдэж чиний тэнцэх эсэхийг чинь цахимаар мэдээллэдэг. Энэ нь чиний ах эгчийн чинь үед байсан сургуулийн үүдэнд үүсэх урт жагсаалыг бүр мөсөн хаясан гэсэн үг. Зарим өндөр оноотой боловч сургуульдаа бүртгүүлээгүйгээсээ болоод хүссэн сургуульдаа элсэж чадаагүй олон хүүхдүүд байдаг. Тиймээс шалгалтын оноог хүлээлгүй бэлтгэлээ хийх хэрэгтэй шүү.

ЭЕШ хүртлэх миний туулсан зам ийм байлаа. Миний замд таарсан бэрхшээл, боломж зэрэг нь ийм байсан болохоос олон төрлийн өөр бусад зүйлс байгааг үгүйсгэхгүй. Нэг үгээр надад тэр нь тохиолдоогүй ч байж болно. Харин нэг зүйл байсан нь хүүхдүүдийн дунд байдаг хариултгүй асуулт. Надад ч бас энэ хариулт багагүй нөлөөлж идэвхи зүтгэлийг минь бууруулж байсан. Гэвч би энэ хариултын асуултыг олсон юм шиг санагддаг.

ЭЕШ аз мөн үү?
Миний эргэн тойронд байсан хүүхдүүдээс цаг гаргаж бэлдсэн, илүү их хичээсэн, хичээл бүр дээрээ өндөр оноонууд авцгааж байсан нь хүссэн сургуульдаа элсэж байлаа. Миний ч хувьд ялгаагүй би өөрөө таамаглаж байсан оноогоо л авсан. Энэ нь надад аз шиг санагдаагүй. Тэгэхээр миний хувьд ЭЕШ бол аз биш чиний цэвэр хөдөлмөрөөс шалтгаалах зүйл юм. Харин бэлдэх арга дээрээ олон хүүхэд алдаж байгааг бол анзаарсан. Маш их мэдлэгтэй, өдөр шөнөгүй бэлдсэн мөртлөө муу оноо авж байгаа нэгэн байхад багахан мэдлэгтэй мөртлөө өндөр оноотой хоёр хүүхдийн ялгаа бол ЦЭГЦТЭЙ МЭДЛЭГ. Цэгцтэй мэдлэг их чухал. Сайн бэлдлээ гээд мэдлэгээ цэгцэлж эмхэтгэхгүй бол мэдлэг дотроо төөрч болох юм. Мундаг хүүхдүүд хэцүү зүйл дээр сайн мөртлөө амархан зүйлийг чаддаггүй байдаг энэ бас л цэгцтэй мэдлэг, бодлоо цэгцлэх явдал хэрэгтэй байгаа гэсэн үг юм. Мөн энэхүү зөвлөмжийг уншиж байгаа та төгсөх ангийн сурагч биш байсан ч энэхүү зөвлөгөөг одооноос хэрэгжүүлж болно шүү. Хичээж эхлэхэд хэзээ ч эртэднэ гэж байхгүй, харин оройтно л гэж байдаг юм.

Ингээд эцэст нь бүх зүйл чамаас шалтгаалахаас гадна чи өөртөө “БИ ҮҮНИЙГ ЧАДНА” yes гэсэн итгэл өгсөн байхад боломжгүй зүйлгүй бөгөөд ЭЕШ бол зүгээр л нэг шалгалт тэрнээс  амьдралын чинь бүхнийг шийдэгч зүйл огтоос биш шүү гэдгийг ойлгоорой, найзуудаа. Сайн хичээх юм бол чи зүгээр нэг шалгалтыг амжилттай давж гарч чадна. Одооноос хичээгээрэй, амжилт найзууд аа.

ЭЕШ-ийн мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ туслах цэсээс аваарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.201.131.213)