“Мөнгөн мод” шагнал эздэдээ очлоо

Зүүн гар талаас шилдэг уран бүтээлч С.Бат-Эрдэнэ, Р.Амарбаяр, Г.Баяртай, С.Энх-Од, Д.Энхгэрэл, Ё.Дамчаабадгар

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас оны шилдэг уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цом, мөнгөн шагнал гардуулах ёслолын ажиллагаа “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өчигдөр боллоо. Энэ жил уг шагналд 53 уран бүтээлчийг нэр дэвшүүлснээс долоод нь хүртээв.

“Оны шилдэг дуучин” номинацад 12 дуучин нэр дэвшсэнээс мэргэжлийн зөвлөлийн гишүүд ДБЭТ-ын гоцлол дуучин, басс хоолойт С.Бат-Эрдэнэд “Мөнгөн мод” шагнал олгохоор шийдвэрлэжээ. Улсын Филармонийн гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр, ОХУ-ын Буриад улсын ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Бат-Эрдэнэ нар түүнтэй тунаж үлдсэн байв.

Дуурийн залуу гоцлооч С.Бат-Эрдэнэ одоогоор дэлхийн болон үндэсний сонгодог дуурийн 16 дүр бүтээжээ. 2019 онд Казахстан улсын Алматы хотод болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд III, Якутад зохион байгуулсан олон улсын уралдаанд IV байр эзэлж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын олон улсын V уралдааны гран при шагналын эзэн болсон амжилтаар энэ оны шилдэг дуучин болж, гурван сая төгрөгөөр шагнуулав.

Оны шилдэг хөгжимчнөөр Улсын филармонийн Морин хуурын чуулгын морин хуурч Р.Амарбаяр тодорлоо. Түүнтэй төгөлдөр хуурч, Консерваторын багш Б.Бат-Эрдэнэ, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин Б.Гэрэл нар шилдэг гуравт багтсан юм. Шилдэг бүжигчин төрөлд ҮУИТ-ын А.Түвшинбаяр, ДБЭТ-ын балетчин Ч.Дүүрэнжаргал, цагдаагийн “Сүлд” чуулгын Ё.Дамчаабадгар нар нэр дэвшсэн. Тэднээс бүжигчин Ё.Дамчаабадгар шилдгээр шалгарч “Мөнгөн мод”-ын эзэн болов. Тайз, дэлгэцийн оны шилдгээр Хүүхэлдэйн театрын зураач С.Энх-Од, шилдэг жүжигчнээр УДЭТ-ын Б.Жаргалсайхан, шилдэг найруулагчаар СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжиг дэглээч, Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл нар тодорлоо.

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч номинацад шилдэг өвлөн, уламжлагч Г.Баяртай тэргүүллээ. Тэрбээр олон ястны бий биелгээ, зан үйл, хуур, икэлийн татлага, хувцас хэрэглэл түүний онцлогийг язгуур төрх уламжлалаар нь өвлөн, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний хэмжээнд болон дэлхийд сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шавь сургагч” төсөл санаачлан, хэрэгжүүлж буй бөгөөд долоон ястны 10 биелгээг 15 мянга гаруй хүнд зааж, сургасан ажээ.

Соёл урлагийн газар 2008 оноос эхтэй, уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэн, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлж, урамшуулах зорилготой уг арга хэмжээг 12 жил дараалан зохион байгуулж, 75 уран бүтээлчид цом гардууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)