Г.Мөнхгал: Чансааны оноогоо 2500 хүргэхийн тулд 2-3 тэмцээнд оролцох хэрэгтэй

Монголын шатарчид сайхан мэдээ ихтэй байна. Өвөрхангай аймгийн харьяат, шатрын олон улсын мастер Г.Мөнхгал Серби улсын Нови Сад хотноо болсон Mix tournament-120 олон улсын нээлттэй тэмцээнд есөн өргөөс найман оноотой түрүүлснээр их мастерын гурвал нормоо биелүүлж, олон улсын чансаагаа 39-өөр ахиулж 2473 болгожээ. Ингэснээр Монгол Улсын шатрын тав дахь их мастер цолны төлөө гурван шатарчин өрсөлдөж байна. Олон улсын мастер С.Билгүүн, Г.Мөнхгал, Д.Номин-Эрдэнэ нар их мастер цолны гурван нормоо биелүүллээ. Одоо зөвхөн ФИДЕ (Олон Улсын Шатрын Холбоо)-ны чансаагаа 2500-д хүргэх л үлдэж байгаа юм. С.Билгүүн 14, Г.Мөнхгал 27, Д.Номин-Эрдэнэ 75 оноо нэмэхэд л дэлхийн шатрын дээд цолны эзэн болох юм. Тиймээс тун удахгүй гурван их мастер цолтон нэмэгдэх нь, Монголын шатарчдад. Дээрх гурван шатарчнаас хамгийн сүүлд их мастерын гурав дахь нормоо биелүүлж, Нови Садын тэмцээнд түрүүлсэн Г.Мөнхгалтай онлайнаар цөөн хором ярилцлаа. 

-Юун түрүүнд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар товч мэдээлэл өгөх үү? 
-Баярлалаа. Одоо чансаагаа 2500 гаргах үлдлээ. Улам хичээх болно. Тэмцээн нэлээд өргөн цар хүрээг хамарлаа. Серби нь шатрын спортоор дэлхийн топ түвшинд эрэмбэтэй бөгөөд дотоодоосоо л гэхэд олон шилдэг шатарчин оролцсон. Хэдийгээр цөөн орны шатарчид оролцсон ч чансааны хувьд өндөр байлаа.

Би энэ тэмцээнд эхний тавд багтах зорилготой байсан бол зорилгоо давуулан биелүүлж их мастерын гурав дахь нормоо биелүүллээ. Одоо дээд цолонд хүрэх нь цаг хугацааны асуудал болж байна. 

-Таны чансаа 2473 болжээ. 2500-д хүргэхийн тулд хэчнээс тэмцээнд оролцох шаардлагатай вэ? 
-Дунджаар 2-3 тэмцээнд оролцож байж энэ оноонд хүрнэ. Ер нь хэр сайн тоглохоос шалтгаална. Сайн тоглохгүй бол алдах ч аюултай. Нэлээд сайн тогловол нэг тэмцээнээр ч 2500-д хүргэх боломж бий. 

-Их мастер цолоо яг хэдийд авах бол?
-Цаг хугацааны асуудал.

-Ингэхэд их мастерын хоёр дахь нормоо хэзээ авсан билээ? 
-2016 онд хоёр дахь нормоо биелүүлж байлаа. Тэрнээс хойш гурван жилийн дараа гурав дахиа биелүүлж байгаа нь энэ. 

-Ойрд тэмцээнд оролцох уу? 
-Бодсон зүйл алга байна 

-Таны дараагийн тэмцээнүүдэд амжилт хүсье. 
-Маш их баярлалаа. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг Өвөрхангай аймгийнхандаа болон найз нөхөд, гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье. 

Б. Мөнхзул

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)