Хар үст САХИУСАН ТЭНГЭР

Түүнийг шүтэн бишрэгчид нь ХАР ҮСТ САХИУСАН ТЭНГЭР хэмээн нэрлэдэг. Гэхдээ түүний энэхүү хоч нэг их хол зөрөхгүй байх. Тэр бол дуучин жүжигчин Селена Гомез.



Түүний сүүлд гаргасан “Same Old Love”, “Hands To Myself” дуунууд нь биллбордод тэргүүлээд байгаа. За ер нь л түүний гаргасан дуу бүр хит болдог гэхэд хилсдэхгүй. Гэвч тэрээр анх жүжигчин мэргэжлээрээ олонд танигдаж багаасаа жүжигчин болохыг мөрөөдөж ирснийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй.

Төрөлхийн АВЬЯАСЛАГ охин yes

Түүний бүтэн нэрийг Селена Мари Гомез гэдэг, 1992 оны 7-р сарын 22-нд АНУ-ын Техас мужид Рикардо Гомез болон Аманда Корнетт нарын охин болж мэндэлжээ. Селенаг төрөхөд түүний ээж дөнгөж 16-хан настай байсан бөгөөд түүний аав мексик гаралтай бол ээжийнх нь өвөг дээдэс итали хүмүүс гэнэ.

Харамсалтай нь түүнийг таван настайд нь эцэг эх нь салжээ. Ээж охин хоёр мөнгөгүй байсан учир амьдралаа залгуулахын тулд Селенагийн ээж гурван ч ажил зэрэг хийдэг байв. E!Online телевизийн бэлтгэсэн түүний тухай баримтат кинонд тэрээр “Ээж бид хоёрын хөргөгч хоосон байх үе зөндөө байдаг байсан. Тийм үед хэзээ ч шантралгүй зөвхөн миний төлөө, намайг чадварлаг нэгэн болгохын төлөө байсан ээжээрээ би маш их бахархдаг” хэмээн ярьж байжээ.

Түүний ээж өдгөө нөхөрт гарсан ба Селена 2013 онд охин дүүтэй болжээ. Харин аавтайгаа энгийн сайхан харилцаатай байдаг аж.

Селенагийн ээж театрт жүжигчнээр ажилладаг байхад ээжийгээ тайзан дээр гарахад бэлдэж байхыг харсан Селенад шууд л жүжигчин болох хүсэл төрсөн гэдэг. Уг хүслийг нь түүний ээж бүрэн дэмжиж жүжигчний шалгаруулалтуудад оролцох болжээ.

Түүнийг шалгаруулалтанд оролцож байсан үеийг огтхон ч мартдаггүй хэмээн тухайн үед шүүгч хийж байсан Диснейн найруулагч хэлж байсан удаатай.

2001 онд тэрээр анхныхаа кинонд тоглосон нь “Barney& Friends” хүүхдийн танин мэдэхүйн цуврал юм. Селена тус киноны шалгаруулалтан дээр анх дуучин Деми Ловатотай танилцаж нөхөрлөж эхэлсэн гэдэг. 2002- 2004 онуудад мөн “Spy Kids 3-D: Game Over”, “Walker, Texas Ranger: Trial by Fire” зэрэг кинонуудад жижиг дүрүүд бүтээж байжээ.

Дисней сувгаас зарласан жүжигчдийн шалгаруулалтанд тэрээр найз Деми Ловатотайгаа хамт явсаар 2006 онд Селена “The Suite Life of  Zack and Cody”, 2007 онд Майли Сайрусын гол дүрд нь тоглосон “Hannah Montana” зэрэг цувралуудын хэд хэдэн ангид нь тогложээ.

Кино ертөнцөд өнгөрөөсөн бага нас

Гэхдээ түүнийг олонд таниулсан дүр бол яахын аргагүй 2007 онд дэлгэцнээ гарсан “Wizards of Waverly Place” хэмээх Диснейн цувралын Алекс Руссогийн дүр юм.

Тус цувралд Жерри Руссо эхнэр 3 хүүхдийн хамт өөрсдийн эзэмшлийн сэндвич дэлгүүрийнхээ дээд давхарт амьдарцгаах бөгөөд гаднаас нь харахад энгийн гэр бүл боловч үнэндээ түүний эхнэрээс бусад гэр бүлийн гишүүд нь ид шидийн хүчтэй бөгөөд түүний хүүхдүүд ид шидийн хүчээрээ хоорондоо өрсөлддөг талаар гардаг. Алекс Руссо бол түүний ганц охин дээрээсээ хоёр дахь хүүхэд нь юм.

2007- 2012 оны хооронд “Wizards of Waverly Place” цувралд тоглохын хажуугаар тэрээр “Another Cinderella Story”, “Ramona and Beezus”, “Monte Carlo”, “The Muppets”, “Princess Protection Program”, “Wizards of Waverly Place: The Movie” зэрэг кинонуудад гол ба туслах дүр бүтээж, “Horton Hears a Who!”, “ Hotel Transylvania” зэрэг хүүхэлдэйн кинонуудад дуу оруулж байжээ.

 

Хөгжмийн ертөнцөд хөл тавьсан нь

“Wizards of Waverly Place” киноныхоо дуу “Everything Is Not What It Seems”-г дуулсан нь түүний дуу хөгжмийн ертөнцөд анх хөл тавьсан явдал байв.

Үүний араас 2008 онд Дисней сувгаас гаргасан Disneymania-6 цомогт орсон “101 Dalmatians” хүүхэлдэйн киноны “Cruella de Vil” дууг, “Tinker Bell” хүүхэлдэйн киноны “Fly To Your Heart”, “Another Cinderella Story” мюзикл киноны гурван ч дууг дуулжээ.

2009 онд тэрээр "Selena Gomez and The Scene" хамтлагийг байгуулж Hollywood Records дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсан юм. 2009 онд найз Деми Ловатогийн хамт тоглосон “Princess Protection Program” киноны “One and the Same” дууг хамтдаа дуулжээ.



Мөн Селенагийн хамтлаг “Kiss and Tell” анхны цомгоо гаргаж “Naturally” сингл нь их амжилт олсон. 2010 онд түүний хамтлаг хоёр дахь “A Year Without Rain” альбомоо гаргасан нь 66 000 гаруй хувь борлогджээ. 2011 онд “Selena and The Scene” болон 2013 онд “When The Sun Goes Down” нэртэй гурав дахь цомгоо гаргасан нь тухайн жилдээ 671 000 хувь борлогджээ.


 

2012 онд тэрээр жүжигчин Жеймс Франко, Ванесса Хадженс нарын хамт 18+ насныханд зориулсан “Spring Breakers” кинонд тоглосон нь урьд нь түүний тоглож байгаагүй киноны төрөл байв.

2013 оны 4-р сард тэрээр анхны “Stars Dance” соло цомгийнхоо сингл “Come & Get It” дуугаа олны хүртээл болгосон нь чамгүй амжилт олж гадаад дотоодын шилдэг дуунуудын жагсаалтуудыг тэргүүлэх болжээ.
 

 


Удалгүй тухайн жилийн 8-аас 11-р сар хүртэл “Stars Dance” аялан тоглолтоо АНУ, Канад, Европын Холбооны улсууд, Дубай зэрэг улсуудад хийсэн. Селена үргэлжлүүлэн Австрали болон Азийн орнуудад тоглолт хийх байсан ч үл мэдэгдэх шалтгааны улмаас тоглолтуудаа цуцалсан юм.

Түүнийг тоглолтоо цуцлахад аль хэдийн тасалбараа авчихсан байсан фенүүдийнх сэтгэл гонсойж гомдолтой үлдэцгээж байсан. Харин хэвлэлээр түүнийг эмнэлэгт хэвтэж архи, хар тамхины эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт олон янзаар бичиж байв. Тэгвэл яг үнэндээ юу болсон талаар тэрээр саяхан 2015 онд ярьсан юм. Селена Lupus нэртэй нэгэн төрлийн дархлааны өвчин туссан болох нь тогтоогдож хоёр ч курс хими эмчилгээ хийлгэжээ. Тэрээр хүнд өвчтэй байх үед нь түүний талаар муу муухайгаар бичиж ярьж байхад ихээр гомдсон талаараа ч дурссан юм.

2014 оны 11-р сард түүний “For You” нэртэй цомог гарсан ба энд түүний хуучны хит дуунууд болон шинэ дуунууд нь багтжээ. Цомгийн сингл болох “The Heart Wants What It Wants” дуу олны таашаалд нийцэж шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авснаас гадна Billboard-н 6-д бичигдэж 16 орны чартуудад тэргүүлжээ.

2015 онд DJ Zedd-тэй хамтран “I Want You To Know” дуу гаргасан. 10-р сард Селена хоёр дахь бие даасан “Revival” цомгоо гаргасан ба тус цомогт “Good For You”, “ Same Old Love”, “ Hands to Myself” зэрэг хитүүд нь багтсан юм.

2015 оны Victoria’s Secret-н шоун дээр Селена “Hands to Myself” синглээ дуулж толилуулсан байна. Саяхан түүний хоёр дахь аялан тоглолт болох Revival Tour эхлээд байгаа бөгөөд тэрээр Америк, Ази, Европт нийт 75 тоглолт хийхээр төлөвлөжээ.
 



Түүний найзууд

Дуучин, жүжигчин Деми Ловато Селена хоёр “Barney& Friends” цувралд хамт тоглосноосоо хойш зүү орох зайгүй найзууд байсан гэж хэлж болно. Тэд хаа сайгүй л хамтдаа явдаг байлаа. Гэвч 2014 онд сайн найзуудын олон жилийн нөхөрлөл дуусгавар болсон юм. Энэ бүхэн Селена, Жастин хоёрын ээдрээтэй харилцаанаас болсон ч гэж ярьдаг. Саяхнаас л найзууд учраа олж уулзаж ярилцах болсон талаар Деми Ловато ярилцлагандаа дурдсан байна.



Одоогийн байдлаар Селенагийн хамгийн дотны найз нь дуучин Тейлор Свифт. Найзууд анх Jonas Brothers хамтлагийн тоглолтон дээр танилцжээ. Тэр үед Селена 15-тай, Тейлор 18-тай байсан ба Селена тус хамтлагийн Ник Жонастай харин Тейлор Жо Жонастай үерхэж байжээ. Саяхан өгсөн ярилцлагандаа Селена Тейлорын талаар “Бид хоёр найзлаад 10-аад жил болж байна. Энэ бүх хугацаанд, жаргал зовлон алинд нь ч Тейлор болон түүний гэр бүлийнх нь үргэлж миний дэргэд байж намайг дэмжиж ирсэн” хэмээн ярьжээ.



Мөн Тейлор дуу хөгжмөөрөө өөрийгөө илэрхийлж өөрт тохиолдсон бүхнээ уран бүтээлээрээ илэрхийлэхийг зөвлөсний дагуу Селенагийн гаргасан сүүлийн үеийн уран бүтээл ч тийм болсон гэжээ.
 

Түүний хайр дурлал

2008- 2009 он хүртэл Селена хамт Диснейн сувагт харъяалагдаж байсан Ник Жонастай үерхэж байв. 2009 онд жүжигчин Тейлор Лотнертэй түүнийг үерхэж байгаа гэцгээж байсан бол зарим нь тэднийг зөвхөн найзууд гэж байв. 2010 онд түүнийг "Allstar Weekend" хамтлагийн басс гитарчин Кэмерон Гисэнтэй холбож байсан ч бас л албан ёсоор батлагдаагүй юм.

2010- 2014 он хүртэл тэрээр дуучин Жастин Бибертэй үерхэж байв. Энэ хооронд хосуудын салж нийлсэн нь тоогоо алдсан гэж хэлж болохоор. Нэг өдөр хамтдаа авахуулсан хөөрхөн зургаа постлоод л удалгүй л Жастин өөр охинтой нэр холбогдож хосууд саллаа гэх. Жастин Бибер Селена хоёрын харилцаа үнэндээ л “complicated” (ээдрээтэй).

Гэхдээ Селена Жастинаас бүрмөсөн салж дахиж түүнтэй нэр холбогдохыг хүсэхгүй байгаа нь саяхан түүний Revival Tour аялан тоглолтын Лас-Вегас дахь тоглолтын үеэр нэгэн үзэгчийн барьж байсан “Marry Justin” (Жастинтай гэрлээч) гэсэн бичгийг үзэгчийн гараас авч базан шидэж байгаа байдлаас нь харагдсан.



Мөн тэрээр Жастинаас салсны дараа хамтарч уран бүтээл хийсэн DJ Zedd-тэй ч нэр холбогдоод байсан ч албан ёсны тайлбар хийгээгүй юм. Харин түүнийг Жастиныг харамсуулах гэж түүнийг ашиглаж байна ч гэж зарим фэнүүд нь үзжээ.


Хувцас загвар, гоо сайхан

Түүний стиль түүнтэй хамтдаа өсч том болсон гэж хэлж болно. Hollywood Records-той анхны  гэрээгээ хийх үед тэрээр үнэтэй дизайнеруудын хувцаснаас илүү энгийн хувцаслахыг илүүд үздэг байв.

2009 оноос эхлэн тэрээр албан ёсны арга хэмжээнүүдэд голчлон даашинз өмсдөг болсон юм. Селенагийн стилийн онцгой нэг тал нь бол тэр хаана зогсохоо мэддэг, түүний өмссөн хувцас бусдыг дуу алдуулах ч хэзээ ч шүүмжлэл хүлээдэггүй.

Урьд нь улаан хивсэн дээр түүнийг богино банзал, даашинзтай хардаг байсан бол 2012 оноос эхлэн тэрээр урт даашинзуудаар гангарах болсон. Юу ч өмссөн Селена эмэгтэйлэг, өөртөө итгэлтэй, чөлөөтэй харагддаг.
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаан хивсний ёслол, албан ёсны арга хэмжээнүүдээс бусад үед тэрээр энгийн, эмэгтэйлэг, бага зэрэг хиппи маягтай хувцаслах дуртай. Бусад одууд шиг Селена үсээрээ “тоглох” дургүй. Тэрээр бараг богино үстэй байж үзээгүй бөгөөд үсээ задгай тавих дуртай.

Энэ онд Селенагийн тоглосон гурван ч кино нээлтээ хийхээр зэхэж байна. Энэ Баасан гарагт буюу 5-сарын 20-нд “Neighbors 2: Sorority Rising”, 6-р сард “The Fundamentals of Caring”, “In Dubious Battle” зэрэг кинонуудынх нь нээлт болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)