"Дорнын эдийн засгийн форум-2026" ирэх сард "Хүний сайн сайхны төлөөх хөгжил" сэдвийн дор чуулна

Дорнын эдийн засгийн 11 дэх удаагийн форум (EEF 2026) ирэх сард буюу 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдана. Албан ёсны зохион байгуулагч Росконгресс (Roscongress) сангийн мэдээлснээр, энэ жилийн форумын үндсэн сэдэв нь "Алс Дорнод – Хүний сайн сайхны төлөөх хөгжил" (The Far East: Development for the Benefit of People) сэдвийн дор, олон талт томоохон арга хэмжээнүүд, олон улсын уулзалт хэлэлцээрүүдийг хийх юм.

ОХУ-ын Владивосток хотноо 2015 оноос хойш зохион байгуулж буй Дорнын эдийн засгийн форум (ДЭЗФ) нь ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн хөгжлийг дэмжихээс гадна Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны чухал талбар болон өргөжжээ.

Монгол Улс тус форумын үйл ажиллагаанд анх зохион байгуулагдсан цагаас нь эхлэн тогтмол оролцож ирсэн. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монголын төрийн өндөр түвшний төлөөлөгчид, тэр дундаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар форумд оролцож, ОХУ-тай эдийн засаг, худалдаа, дэд бүтэц болон экспортын чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсээр ирсэн юм.

ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР ОРОЛЦСОН ТҮҮХ

Форумын өмнөх жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд оролцож байв. Тухайлбал, 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён нарын оролцсон нэгдсэн хуралдаан форумын онцлох үйл явдлын нэг болсон юм.

2023 онд Монголын төлөөлөгчдийг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимидийн Хүрэлбаатар тэргүүлэн оролцсон. Энэ үеэр тэрбээр ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Игорь Левитинтэй уулзаж, Монголын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлоход тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах асуудлыг хэлэлцэж байсан түүхтэй.

Мөн Монголын төлөөлөгчид ОХУ-ын Төмөр замын байгууллага (“РЖД”), “Интер РАО-Экспорт”, “Газпром” зэрэг томоохон компанийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байв.

2025 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн 10 дахь удаагийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад улсын төр, засгийн тэргүүнүүдийн хамт үндсэн нэгдсэн хуралдаанд (Plenary session) хүндэт зочноор оролцож байсан. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй хоёр талын албан ёсны уулзалт хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

2026 ОНД МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЕРӨНХИЙ САЙД ТЭРГҮҮЛНЭ

Энэ жилийн Дорнын эдийн засгийн форумыг угтан Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, ДЭЗФ-ын Зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяков, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар уулзжээ. Уулзалтын үеэр Монгол Улсын тус форумын бизнес, соёлын хөтөлбөр болон “Орос-Монгол” бизнесийн яриа хэлэлцээнд оролцох асуудлыг хэлэлцсэн байна.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваагийн мэдээлснээр, энэ жилийн форумд Монголын төрийн яам, агентлагийн удирдлагууд болон бизнесийн салбарын төлөөллөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцох бөгөөд төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал тэргүүлэх аж. Тэрбээр “ОХУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд уг форумаас олгож буй өргөн боломжийг бид өндрөөр үнэлдэг” хэмээн онцолжээ.

Харин Антон Кобяков ОХУ, Монгол Улс эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаагаа үе шаттайгаар өргөжүүлж байгаа бөгөөд форумын арга хэмжээ нь хоёр орны яриа хэлэлцээг өргөжүүлэн хөгжүүлэх үр дүнтэй чухал арга хэмжээ  болж байгааг тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, энэ удаагийн форум ч бас хоёр орны харилцааг чанарын шинэ түвшинд гаргахын зэрэгцээ тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх томоохон олон улсын төслүүдийг урагшлуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.  

МОНГОЛ-ОРОС ХОЁР УЛС ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЭЦ, ТЭЭВЭР, ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ЗЭРЭГ

ОЛОН ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улс, ОХУ-ын хооронд сүүлийн жилүүдэд эрчим хүч, дэд бүтэц, тээвэр болон хил хамгаалалтын чиглэлээр Улаанбаатар хотын ДЦС-3-ыг өргөтгөх зураг төслийн хэлэлцээр, "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төслийн бэлтгэл ажил, Улсын хилийг хамтран шалгах ажил гээд хоёр улсын хувьд олон чухал том төслүүд дээр хамтран ажиллаж байна.

2026 оны хувьд хоёр улс Монгол, Оросын чөлөөт худалдаа (ЕАЭЗХ-ны түр хэлэлцээр), "Цайны зам" болон Эдийн засгийн коридорын тээвэр логистик, шатахуун, эрчим хүчний тогтвортой нийлүүлэлт зэрэг чиглэлүүдийг голлон хэлэлцэж байна. Тухайлбал, “Logistics Forum 2026”-л гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд баталсан тээвэр логистикийн стратегийн ач холбогдолтой төслүүдийг урагшлуулах асуудал хэлэлцсэн байна. Мөн УБТЗ-ын шинэчлэлийн хүрээнд олон улсын транзит ачаа тээвэрлэлтийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, төмөр замын гол шугамыг өргөтгөх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх чиглэлээрх яриа хэлэлцээг хийсэн байна. Тиймээс Монголын эдийн засаг, бизнес, эрчим хүчний салбарынхан Дорнын эдийн засгийн форумын үеэр эрчим хүч, дэд бүтэц, тээвэр болон "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төслийн бэлтгэл ажил, мөн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тухай яриа хэлэлцээрүүдийг хийх болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

Мөн шазрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт буюу автобензин, нисэхийн түлшээр тасралтгүй, тогтвортой хангах Засгийн газар хоорондын урт хугацааны гэрээний хэрэгжилтийг форум, уулзалтуудын түвшинд бататган ярилцана гэсэн таамаглалтай байна.

 ОХУ, БНХАУ-ын хооронд “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолой барих төслийн хүрээнд хийгдэж буй хэлэлцээ цааш ахих болов уу гэсэн  хүлээлттэй байна. Одоогоор ОХУ, БНХАУ төслийн хэрэгжилтийн хугацаа, нийлүүлэх хийн хэмжээ, үнэ тогтоох нөхцөл зэрэг техникийн нарийн асуудлууд нь харилцан тохиролцооны түвшинд ярилцаж байгаа аж.

Ийнхүү Дорнын эдийн засгийн форум нь Монгол Улсын хувьд хөрш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдийн талаар санал солилцох боломж бүхий олон талт бизнесийн талбарын нэг хэвээр байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)