“Экспо 2027 Белград” олон улсын үзэсгэлэнд оролцохоор бэлтгэж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Серби Улсад зохион байгуулах “Экспо 2027 Белград” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс оролцох асуудлаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-тай уулзалт хийлээ.
Монгол Улс 1997 онд Олон улсын үзэсгэлэнгийн товчоонд элсэн орсноос хойш нийт 9 удаагийн дэлхийн экспод оролцож, улс орныхоо түүх соёл, зан заншил, аялал жуулчлал, үндэсний үйлдвэрлэлийг олон улсад сурталчилсан туршлагатай юм. Энэ удаагийн уулзалтаар МҮХАҮТ-аас тус үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах шийдвэрийг ССАЖЗЯ-наас гаргуулах, цаашид Монголын павильоныг хамтран зохион байгуулах хүсэлт уламжилж, санал солилцов.
Сайд Ж.Алдаржавхлан энэ удаагийн экспод шинэлэг санаачилга, шинэ өнгө төрхтэй оролцохыг онцоллоо. Белградын үзэсгэлэн “Play for Humanity-Sports and Music for all” буюу хүн төрөлхтний спорт, хөгжмийн салбарт төвлөрөх тул Монголын хөгжим, спортын салбарын орчин үеийн ололтыг дэлхийн чиг хандлагатай хослуулан танилцуулах нь барууны болон Европын жуулчдыг татах боломж гэж үзэж байгаа тул Монгол Улсыг тус үзэсгэлэнд оролцуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагаа танилцуулав.
Энэхүү үйл ажиллагаанд шинэлэг концепцоор оролцох нь 2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 166 дугаар “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлигийн зорилтод нийцэж байгаа ба зарлигт заасан Монгол үндэстний гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг олон улсад сурталчлах ажлыг Европын зах зээлд өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Талууд Монгол Улсын павильоны ерөнхий сэдэв, дизайн, агуулгын шийдлийг хамтран боловсруулж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр тогтсон талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.







