Залуу жанжны ёслолын сэлэм

БНМАУ-ын баатар, залуу жанжин, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн ёслолын сэлэм Булган аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж байна.
Энэхүү сэлэмийн хуй нь 794 гр, сэлэм нь 865 гр нийтдээ 1кг 659 гр жинтэй 85,3 см урттай аж. Залуу жанжны энэ сэлэм нь хүүхэд залуучуудын бахархан ярих үзмэр төдийгүй тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх үнэт өв болсоор байна.
Одоогийн Булган аймгийн Сайхан сумын ард Жамъянгийнд 1912 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хоёр ихэр хүү төрсний нэг нь БНМАУ-ын жанжин Лхагвасүрэн байв. Айлын отгон хөвгүүн дээрээ нэг ах, таван эгчтэй байжээ.
Ж.Лхагвасүрэн 1939 оны Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогч, 1945 онд Монголын зэвсэгт хүчнийг Х.Чойбалсангийн хамт командалж, 1953 оноос БХЯ-ны орлогч сайд, 1978 оноос БНМАУ-аас БНБАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байжээ.
20 насандаа сайн дураараа цэрэгт мордож, Монгол ардын хувьсгалт цэргийн /МАХЦ/ Тамсагбулаг дахь 15 дугаар морьт дивизэд хуваарилагдан цэргийн эрдэмд шаламгай суралцсан байна.
Залуу жанжин Ж.Лхагвасүрэн нь 1971 онд “Цэрэг эрийн замналаас”, 1975 онд “Олон жилийн зузаан нөхөрлөл”, 1979 онд “Халхын гол” зэрэг номуудыг бичиж хэвлүүлжээ. Харин түүний “Сэтгэлд шингэсэн он жилүүд” хэмээх дуусгаж амжаагүй номыг нь Д.Дамдиндорж, Б.Жанчив нар редакторлан 1984 онд хэвлүүлсэн байна.







