Европын Холбооны Банкнаас 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламж олгоно

зураг

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд ерөнхийлөгч Тереза Червинска, Сангийн сайд Б. Жавхлан, нар “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн  хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн эхний шатны 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зуржээ.

Тус хөтөлбөрт Европын Холбооны Хөрөнгө Оруулалтын Буцалтгүй Тусламжийн сангаас нийт 19.5 сая евро олгож байгаа ба эхний шатанд 9.5 сая евро ийнхүү орж байна.  

Европын Холбооны Банкнаас олгож буй санхүүжилтээр аймаг, сумдын дэд бүтцийг сайжруулах, худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжинэ.

зураг

Тухайлбал бохир ус цэвэрлэх байгууламж барих, худалдан авахуйц үнэ өртөг бүхий орон сууц барих, сургууль, эмнэлэг зэрэг нийтийн өмчийн барилгуудын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулахад зарцуулна.

Үүнээс гадна үерээс хамгаалах байгууламж болон борооны ус зайлуулах байгууламжийг сайжруулах, нийтийн барилга байгууламжид нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ.

Мөн орон нутгийн тогтвортой хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулахад чиглэсэн тогтвортой мал аж ахуйн дадал бүхий малчдыг дэмжих юм хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)